Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит шагналыг “Улирал ба зохиолч” сэтгүүлд гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-06 18:24:25

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш.Сүрэнжавын нэрэмжит шагнал гардуулах ёслол Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр боллоо.


Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын зохиол бүтээлийг хойч үедээ таниулах, монголын уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь алдаршуулах зорилготой энэхүү шагналыг 2017 онд анх Монголч эрдэмтэн, доктор, профессор Мацуда Таданори, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч С.Хишигсүрэн нар санаачлан “Монголын шинэ үеийн утга зохиол, яруу найргийн хөгжилд өвөрмөц сэдэл, онцлог шийдэл бүхий бүтээл”-д олгож байхаар тогтсон юм. Энэхүү шагналын анхны эзнээр Хэл бичгийн ухааны доктор Д.Дэнсмаа тодорч байв. Харин энэ удаа Монгол туургатны уран зохиолын “Улирал ба Зохиолч” сэтгүүлчийн хамт олон хүртэж буйгаараа онцлогтой.


Энэ үеэр "Шаравын Сүрэнжав" сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Лүндэг хэлэхдээ, “Энэ жил өвөөгийн маань мэндэлсний 85 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Багш” найраглалын 35 жилийн ой болон эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Түүнээс гадна хүүхэд, залууст зориулсан хэд хэдэн ном гаргах төлөвлөгөөтэй байна. "Шаравын Сүрэнжав" сангаар дамжуулан яруу найрагт дуртай, утга зохиолыг шимтэн сонирхдог залуучуудыг уриалан өвөөгийнхөө уран бүтээл, амьдралын замналыг нь бусдад түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна” гэв.




“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн эрхлэгч, МУСГЗ Д.Нямаа ярихдаа, “Манай сэтгүүл уншигчдад хүрээд 12 жил болж байна. Он цагийн хүрдэн Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналыг манай хамт олон хүртсэндээ баяртай байна. Энэ удаа Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналыг байгууллагаараа хүртэж байгаа нь онцлог юм. Энэ шагналыг манай хамт олон шинэ уран бүтээл, нийтлэл, яруу найргаар хариулна аа. Манай сэтгүүлийн хамгийн анхны дугаарт Ш.Сүрэнжав гуай "Тэнгэрийн хүү" алдарт шүлгээ гар бичмэлээр гаргаж байсан. Энэ тохиол нь цаашид олон яруу найрагчийн нэрийн хуудас болж олон сайхан шүлэг гар бичмэлээр гарах зам мөрийг нээсэн. Мөн Ш.Сүрэнжав гуай манай сэтгүүлд идэвхтэй бичигч байж “Яруу найрагчдын гэргий нар” цуврал бичсэн. Түүний охин орчуулагч, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч С.Хишигсүрэн “Дэлхийн сонгодог зохиолчдын гэр өргөө”  буланг хөтөлж байсан” гэв.


Ташрамд дурдахад, "Шаравын Сүрэнжав”сангаас түүний нэрэмжит цогцолборыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх намар байгуулах ажлыг эхлүүлээд байгаа аж.


Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Би тэнгэрийн хүү”, “Миний Монгол”, “Ард Монгол”, “Гар” зэрэг иргэний утга уянгын шүлэг найраглал хийгээд “Хэрлэнгийн барьяа” роман, “Амьд явбал нэгийг үзнэ”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Долгионт жилүүдийн туужис” зэрэг эсээ дурсамж бичсэн бол эрийн гурван наадмын тухай өгүүлсэн кино зохиолоор нь “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран сайхны кино бүтээжээ.




関連ニュース