Б.Ганхайч Монголын жүдочдын 33 дахь медалийг эх орондоо авчирлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-17 09:17:58

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Унгарын Будапешт хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ.


Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, улмаар Солонгосын Шин Чэйвон, Австрийн Любияна Пиовесанаг ялснаар шөвгийн наймд шалгарсан юм. Хэсгийн аваргын төлөө Японы Харүка Кажүд ялагдсан ч дагах барилдаан дэвжээний эзэн орны бөх Сабина Герсякийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болов. Шийдвэрлэх барилдаанд тэрбээр дэлхийн хошой аварга, олимпын аварга, Бразилын Рафаэла Силваг цаг дуусахаас 24 секундын өмнө үүрч, вазари үнэлгээ авснаар хүрэл медалийг хүзүүндээ зүүх эрхтэй болсон юм.


Тэрбээр Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь медаль, 20 дахь хүрэл медалийн эзэн болж байна.


Тэрбээр энэ оны олон улсын тэмцээний хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд өнгөрсөн сард Душанбегийн “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн юм. Хүнд бэртлийн улмаас нэг жил гаруйн хугацаанд дэвжээнд гараагүй түүний хувьд ААШТ-д түрүүлэхээс гадна Их дуулга, гранпри ангиллын тэмцээнээс есөн медаль энгэртээ зүүсэн байна.


Тэгвэл энэ өдөр дэвжээнд гарсан гавьяат тамирчин Л.Энхрийлэн 63 кг-ын жинд Хорват, Францын хүчтэй өрсөлдөгчөө ялж, хэсгийн аваргын төлөө Канадын тамирчинтай барилдахдаа гартаа гэмтэл авснаар шагналт VII байрт шалгарлаа. Харин 81 кг-д залуу мастер О.Шинэбаяр АНЭУ-ын Нугзари Таталашвилид ялагджээ. Монгол Улсын баг дөрвөн өдрийн дараах байдлаар хоёр хүрэл медальтай 93 орноос 11 дүгээр байрт жагсаж байна.


Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 70 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй нар дэвжээнд гарах юм. 



















関連ニュース