Боксын ДАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-04 10:55:33

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Английн Ливерпүүл хотод эхэлнэ.


10 хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд 60 гаруй орны 500 орчим боксчин оролцохоор мэдүүлэг өгсөн бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 51, 75, эрэгтэйчүүдийн 55, 65, 70 кг-ын жингийн тулаан болох юм. Энэхүү тэмцээнийг Олон улсын олимпын хорооноос эрхээ авсан Дэлхийн боксын холбооны зохион байгуулж буй бөгөөд түүхэндээ анх удаа эрэгтэй, эмэгтэй ангиллыг хамтад нь явуулж байгаагаараа онцлогтой. “Лос Анжелес-2028” наадмын жинд тохируулахын дээр нэмэлтээр жин оруулж эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн ангиллаар тэмцээнийг явуулна. Хоёр жилийн өмнө байгуулж, 2025 онд ОУОХ-нд хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн боксын холбоо өдгөө 118 орны гишүүнээр элсүүлсэн байна.


Дэлхийн боксын холбооны анхдугаар ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчез нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр таван боксчин тулалдана. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун нар өрсөлдөнө. Эрэгтэйчүүдээс 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Г.Лундаа, 65 кг-д Б.Мишээлт, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ нар рингэнд гарна.


Өчигдөр сугалаа гарсан бөгөөд эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн нар эхний тойрогт гоц мөргөсөн бол 51 кг-д Б.Мөнгөнсаран Украины Маринчук Ярославатай, 57 кг-д М.Энхжаргал Австралийн Рамадан Жульетай, 60 кг-д М.Намуун Хятадын Янг Ченюүтэй оноолт таарав. Тэгвэл эрэгтэйчүүд бүгд эхний тойрогт гоц мөргөсөн байна.

関連ニュース