Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-18 10:36:53

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/.  Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станц болон газрын тосны бүтээгдэхүүн агуулах, хадгалалтын аюулгүй байдал, стандартыг хангуулах ажил үргэлжилж байна.


Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 28 газрын тосны агуулахад стандарт, норм, аюулгүй ажиллагаа, ХАБ зэрэг чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Үүнээс 10 агуулахад 188 заалт бүхий 24 улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байна. Мөн хүн амын нягтаршил ихтэй бүсэд байдаг 53 шатахуун түгээх станц болон хийгээр цэнэглэх станцад хяналт шалгалт хийж, 480 орчим заалт бүхий 47 улсын байцаагчийн албан шаардлагыг аж ахуй нэгжүүдэд хүргүүлжээ.


НХШГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ч.Ганхуяг ярихдаа, “ШТС болон автомашин хийгээр цэнэглэх станцуудад зургаадугаар сарын 2-ны өдөр хүртэлх албан шаардлагын хугацаа өгч, 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин агуулахын хувьд есдүгээр сарын 2-ны өдөр хүртэлх албан шаардлага хүргүүлсэн. Зарим агуулахыг зөрчлийн хуулиар торгож, долоо хоногийн хугацаанд зөрчил арилгуулсан. Мөн хүн амын нягтаршил ихтэй буюу орон сууцны хороолол дунд барьсан 53 ШТС-д шалгалт хийж, долоон ШТС-ын үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс хоёр нь зөрчлөө арилгаж, стандартаа батлуулсан тул үйл ажиллагааг буцаан сэргээгээд байна. Мөн эдгээр ШТС-д операторын байрнаас хянах боломжтой автомат түвшин хэмжигчийг 60 орчим хувьд нь суурилуулсан” гэв.


Хамгийн сүүлд ХУД-ийн III хороонд “Эсэнтрейдинг” компанийн зөвшөөрөлгүй ашиглаж байсан 100 метр куб бүхий найман хэвтээ ил савыг буулгаж, зөрчлийг арилгуулжээ. Нийслэлд өнөөдрийн байдлаар нормд зааснаас 2.4 дахин их ШТС үйл ажиллагаа явуулж байгааг албаныхан тодотголоо. 

関連ニュース