Уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагааны сургалт зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагааны агаарын сургалт, дадлагыг энэ сарын 16-19-нд зохион байгуулж байна.
Сургалт, дадлагыг ЕС-145 C2 загварын, МТ-1111 улсын дугаартай агаарын хөлгөөр “Заан Тэрэлжийн бэлчир”-ийн бүсэд хийж байна. Ингэснээр алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, агаарын хөлгөөр эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах, олон улсын туршлагыг нутагшуулахад чухал ач холбогдолтойг ОБЕГ мэдээлэв.
БНФУ-ын Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристоф Бауман, тус ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батсүмбэр нар удирдан зохион байгуулж буй тус сургалтад ангийн нисгэгч, инженер, аврах ажиллагааны мэргэжилтэн, эмч, сувилагч нар хамрагдаж байгаа юм.