СЭЛЭНГЭ: Ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-18 16:40:39

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас аймгийн Архивын хэлтэстэй хамтран Ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж байна.

 

Энэхүү уралдаан нь Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлиг, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, Төрийн албаны шинэтгэл аяны хүрээнд үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ чадмаг эзэмшиж, төрийн албан хэрэг хөтлөлтийг үндэсний бичгээр хөтлөн явуулах, өргөн олонд хүртээлтэй болгох зорилго дор болж буйгаараа онцлог юм.

 

Уралдааныг “Ажил мэргэжлийн уралдаан”, “Байгууллагын хаягжилт, баримт бичгийн хэвлэмэл хуудас, албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр хөтөлж буй байдал” гэсэн 2 үе шаттай зохион байгуулж байна.

 

Уралдаанд төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагууд, архив, албан хэрэг хөтлөлтийн 63 ажилтан оролцож байна.

関連ニュース