Өнөөдөр Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн нар барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-19 11:15:55

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хувийн төрөл өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаанаар өндөрлөнө.


Дээрх хоёр жинд манай улсаас Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн нар хүч сорих юм. Б.Гончигсүрэнгийн хувьд эхлээд Африкийн хошой аварга, Египетийн Мохамед Аборакиатай барилдахаар сугалаа татжээ. Хэрвээ түүнийг ялбал Японы Хёога Ота, Чилийн Франческо Солис нарын ялсантай шөвгийн наймд шалгарахын төлөө өрсөлдөнө.


Тэгвэл эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд зодоглох А.Адъяасүрэнгийн тухайд “А” хэсэгт багтаж, эхний тойрогт Нидерландын бөх Карин Стивенсонтой таарлаа. Түүнийг ялж чадвал шөвгийн 16-д Молдавын Оксана Диаченко, Туркийн Хилал Озтурк нарын ялсантай барилдах юм.


Зургаан өдрийн дараах байдлаар 20 орны жүдочид ямар нэгэн байдлаар медаль хүртжээ. Үүнээс алтан медаль хүртсэн нь ердөө таван орон юм. Тодруулбал, Японы жүдочид зургаан алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байгаа бол ОХУ-ын баг хоёр алт, хоёр хүрэлтэй удаалж байна. Харин Итали хоёр алттай гуравт, Франц алт, мөнгө, хүрэлтэй дөрөвт, Гүрж алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар эхний тавд багтлаа. Манай улс хоёр хүрэл медальтайгаар 14 дүгээрт эрэмбэтэй явна. 


Ташрамд, маргааш холимог багийн барилдаан эхэлнэ. Энэхүү тэмцээнд 16 орны баг мэдүүлэг өгсөн бөгөөд манай улс “В” хэсэгт Солонгос, Франц, ОХУ-тай багтжээ. Тэд эхлээд Солонгосын багтай барилдана. Ялбал Франц, Оросын ялсантай нь шөвгийн наймд нь тулах юм. 

関連ニュース