Яндангийн тоог цөөлж, ногоон халаалтын системд шилжих өвөлжилтийн бэлтгэл ажил эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд эхний ээлжид Чингэлтэй, Баянгол дүүргийн 5000 гаруй өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхээр боллоо.
Энэхүү хүйтнээс урьтаж, айл өрхүүдийг дулаалах, хийн халаагуурт шилжүүлэх төслийн хүрээнд UNICEF, Тавантолгой түлш компани, Нэгдсэн төслийн удирдлагын газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон Баянгол дүүргийн төлөөллүүдтэй уулзаж, санал солилцов. Тус төслийн гүйцэтгэгчээр Тавантолгой түлш компани хийн халаагуурын системийг хариуцах бөгөөд UNICEF Монгол гэрийн дулаалгын "Чип" багцыг хариуцаж, Чингэлтэй, Баянгол дүүрэг менежмент, зохион байгуулах ажлыг хариуцан ажиллах юм.
Судалгаагаар гэр хорооллын айл өрхүүд дулаалгаа зөвөөр шийдчихвэл утаа орчны бохирдол ойролцоогоор 40-65 хувь буурах боломжтойг харуулжээ. Үүнийг бодит амьдралд хэрэгжүүлж, практикт нийцүүлэхийн тулд Чингэлтэй дүүрэг өнгөрсөн өвөл "Дулаалъя" аяныг санаачлан эхлүүлсэн байна. Аяны хүрээнд мэргэжлийн инженерийн хамт дулаан алдагдлыг хэмждэг багаж ашиглан айл өрхийн дулаан алдагдлыг нарийвчлан тогтоож, хаана яаж дулаалбал түлш, эрчим хүчний хэрэглээ багасахыг датад суурилан заавар зөвлөгөө өгч ажиллажээ. Үүнд иргэдийн оролцоо нөлөөлж, дулаан алдагдлаа зөв тооцоолж, зохих аргачлалын дагуу дулаалга хийх ажлыг дүүрэг өөрийн төсвөөр шийдэж, иргэд хөөсөн доторлогоо хийх, шавардах зэрэг гүйцэтгэх түвшинд хамтарч ажилласан байна.
Өнгөрсөн
хугацаанд "Дулаалъя" аяныхаа хүрээнд айл өрхүүдэд дулаалгыг хэрхэн
зөв системтэй нэвтрүүлэх талаар олж авсан туршлага арга барилдаа үндэслэн
НЗДТГ-аас хэрэгжүүлж буй айл өрхүүдийг дулаалах, хийн халаагуурт шилжүүлэх
төслийн бэлтгэл ажил эхэлж байгаа ажээ.