Шувуун фабрикт хүлэмжийн аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-05 14:29:32

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. НЗДТГ, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Шувуун фабрикт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төслийг хэрэгжүүлнэ.


Төслийн хүрээнд тус байршилд орчин үеийн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны хадгалалтын зоорь бүхий дэд бүтэц байгуулах юм.


Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, “Энэхүү төслийн хэлэлцээр өнгөрсөн онд эхэлсэн. Анх 4 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих төсөл байсан. Нийслэлийн иргэдийн нарийн ногооны хэрэгцээ шаардлагад үндэслэн олон улсын байгууллагуудтай хамтарсан судалгаа, уулзалтуудын үр дүнд 13 сая ам.долларын өртөг бүхий өргөтгөсөн төсөл болон баталгаажсан” гэв.


Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 89 аж ахуй нэгж, 445 иргэн нийт 50.1 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаагаас 23.5 га талбайд өвлийн хүлэмж, 26.6 га талбайд зуны хүлэмжид тариалалт хийж байна. Нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг 60 мянган тонн гэж тооцдог ч одоогоор жилдээ 2500-3400 тонн ургац хураан авч байна. Дотоодын хэрэглээгээ хангахын тулд 20 га талбайд ухаалаг өвлийн хүлэмж шаардлагатай юм. Төслийн хүрээнд 50 га талбайд өвлийн хүлэмж шинээр байгуулснаар жилдээ 16.5 мянган тонн ургац хураан авч, дотоодын хэрэглээг 100 хувь хангах нөхцөл бүрдэх аж.


Одоогоор Хан-Уул дүүрэгт хүлэмжийн тариалалт 16 га талбай буюу нийт хүлэмжийн тариалалтын талбайн 32 хувийг эзэлдэг байна. 

関連ニュース