Экспортын 95.9 хувь нь эрдэс баялаг, үнэт чулуу, металл, түүгээр хийсэн гоёлын зүйл байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-08-14 09:12:10

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2025 оны эхний 7 сард нийт 152 улстай худалдаа хийжээ.


Экспорт 7.8 тэрбум ам.доллар, импорт 6.5 тэрбум ам.долларт хүрсэн аж. Гэхдээ экспорт буурч импорт нэмэгдсэн байгаа юм.


Экспорт 2024 оны мөн үеийнхээс нүүрс 2.4 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 200.2 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 35.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 25.9 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 15.5 сая ам.доллароор буурчээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 1.1 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 42.6 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 31.4 сая ам.доллароор нэмэгдсэн аж.


Импорт 2024 оны мөн үеийнхээс өсөхөд суудлын автомашин 190.5 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 20.1 сая ам.доллар, согтууруулах ундаа 14.7 сая ам.доллар, тунгаар савлагдсан эм 13 сая ам.доллар, гар утас 12.2 сая ам.доллароор нэмэгджээ. Харин ачааны автомашин 72 сая ам.доллар, дизелийн түлш 54.7 сая ам.доллароор буурчээ.


Экспортын 95.9 хувь нь эрдэс баялаг, үнэт чулуу, металл гоёлын зүйлс болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн байна.


Импортын 71.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна


Импортын  38.7 хувийг БНХАУ, 23.хувийг ОХУ, 12.3 хувийг Япон, 4.4 хувийг БНСУ, 4 хувийг АНУ, 2.5 хувийг ХБНГУ эзэлж, нийт импортын 85.6 хувийг бүрдүүлжээ.


Алтны үнэ 2024 оны мөн үеийнхээс унц тутамд 774.8 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 405.4 ам.доллароор нэмэгджээ. Гэтэл төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 10.6 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 46.9 ам.доллароор буурчээ.


БНХАУ-д экспортолсон барааны 42.4 хувийг нүүрс, 40.4 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байна. Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувь нь  алт байна.


ОХУ-аас импортолсон барааны 71.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 80.0 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.2 хувийг ачааны автомашин эзэлжээ.


Энэ оны эхний 7 сарын байдлаар 1501-4500 см3 хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашины нийт суудлын автомашины импортод эзлэх хувь 92.0 болжээ. Энэ нь  2024 оны мөн үеийнхээс 5.7 нэгж хувиар өссөн аж


Экспортын 51.1 хувийг  Гашуунсухайт, 20.6 хувийг  Замын-Үүд боомтоор хийжээ. Энэ нь нийт экспортын 71.8 хувь байгаа юм.


Импортын 53.7 хувийг Замын-Үүд, 20.6 хувийг Сүхбаатар боомтоор хийсэн нь нийт импортын 74.3 хувийг эзэлж байна.

関連ニュース