Трамп-Путин: Тохиролцоонд хүрэх замын эхлэл

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-18 00:15:03

УЛААНБААТАР, 2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт 2021 оноос хойш анх удаагаа АНУ-ын Аляск муж улсад болж, Д.Трамп, В.Путин нар Украины хямралыг энхийн замаар зохицуулах асуудлыг голчлон хэлэлцлээ.


Д.Трамптай хийсэн хэлэлцээ нь бүтээлч, үр дүнтэй болсныг Оросын удирдагч онцолсон бол уулзалт “10 онооноос 10 оноо” өгөхөөр хэмжээнд үр дүнтэй болсон гэж Америкийн Ерөнхийлөгч дүгнэжээ.


Тэрбээр Оросын Ерөнхийлөгчийг улаан хивс дэвсэннайрсгаар гар барин угтан мэндчилж, машиндаа суулган, дөрвөн F-22 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан радарт үл үзэгдэгч  B2 Spirit  бөмбөгдөгч онгоцоор агаарын парад хийж хүндэтгэл үзүүлсэн нь олны гайхшралыг төрүүллээ. Өөрөөр хэлбэл, Цагаан ордны байр суурь Кремлийн бодлого руу ойртож хэлбийв үү гэсэн хардлагыг зарим хүмүүст төрүүлэв бололтой. Учир нь, ердөө долоохон хоногийн өмнө Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авна хэмээн Путинийг сүрдүүлж, эхлээд 50 хоногийн дотор, дараа нь 10 хоногийн дотор гал зогсоохыг шаардаж байсан билээ.


Украинд аюулгүй байдлын баталгаа олгох нь


Гурван цаг орчим үргэлжилсэн хэлэлцээний явцад талууд Украинд гал зогсоох амлалтыг өгөөгүй ба дайныг зогсоох дорвитой шийдэлд хүрсэнгүй гэж зарим улстөрчид, ажиглагчид шүүмжилж байна. Харин үүний учрыг Америкийн Ерөнхийлөгч тайлбарлахдаа “миний бие Украины өмнөөс хэлэлцээ хийхгүй, хэлэлцээр байгуулж тохиролцохгүй, гэхдээ Путинтэй хийх дараагийн уулзалтын суурийг тавьж, түүнд Украины Ерөнхийлөгчийг оролцуулахыг эрмэлзэж байна” гэлээ. Энэ нь ч аргагүй юм, жил гаруйн өмнө Украин болон түүний Европ дахь холбоотнууд энх тайвныг тогтоох асуудлаар Швейцарт хуралдахдаа Оросыг уриагүй бөгөөд түүнээс хойш байлдааны ажиллагаа улам ширүүссэн билээ. Тэгэхээр Украингүйгээр шууд тохиролцоонд хүрэх магадлал бага бөгөөд уулзалт амжилтгүй болсон гэх нь хэт эртэдсэн өрөөсгөл дүгнэлт юм. Харин В.Путин дараагийн уулзалтыг Москва хотод хийх санал дэвшүүлснийг Д.Трамп боломжтой хэмээн дэмжсэн боловч үүнийхээ төлөө шүүмжлэлд өртөж магадгүй гэдгээ сануулаад авлаа.


Энэ уулзалтаар юуны түрүүнд Украинд олгох аюулгүй байдлын баталгааны асуудлаар хоёр ерөнхийлөгч тохиролцоонд хүрсэн бололтой. Баталгааны тухайд Трамптай санал нэг байгаагаа Путин илэрхийлсэн, мөн Америкийн Ерөнхийлөгчийн Fox News-д өгсөн товч тайлбар үүнийг гэрчилнэ.


Мөн Путинтэй тохиролцоонд хүрэхийг Зеленскийд зөвлөсөн гэдгээ Трамп өөрөө хэлсэн. Харин газар нутгийн асуудлаар буулт хийх нь эмзэг асуудал учраас Зеленскийгийн оролцоогүйгээр шийдэгдэх боломжгүй. Ер нь бол, Украины нэрийн өмнөөс ямар нэгэн тохиролцоо хийгээгүй нь энэ удаагийн уулзалтын гол ололттой тал мөн гэж зарим ажиглагч үзэж байна.


Тодорхой хэлбэл, АНУ+Европын Холбоо гэсэн форматаар /НАТО-г оролцуулахгүйгээр/ Украинд аюулгүй байдлын найдвартай баталгаа олгох нь Зеленскийн хувьд сайн мэдээ мөн. Өмнө нь уг баталгааг АНУ өгөхийг Трамп эсэргүүцэж байсан бөгөөд түүнийг газрын ховор металл олборлох тухай Украинтай байгуулах гэрээгээр орлуулах боломжтой гэж үзэж байв. Украины зүүн нутагт Америкийн компаниуд олборлолт хийж байгаа тохиолдолд Оросын арми дахиж довтлохгүй хэмээн Цагаан ордон тайлбарлаж байв. Харин Зеленский “АНУ-ын зүгээс аюулгүй байдлын найдвартай баталгаа өгсөн тохиолдолд газар нутгийн асуудлаар буулт хийх асуудлыг хэлэлцэж болох юм” гэсэн санаагаа битүүхнээр ойлгуулсан ажээ.


Аляскт очихынхоо өмнөхөн Трамп юуны түрүүнд гал зогсоох нь зүйтэй гэж үзэж байсан бөгөөд В.Зеленский болон түүний Европын холбоотнууд ч түүнийг нь дэмжиж байв. Гэтэл Путинтэй уулзсаныхаа дараа Трамп гал зогсоох хэлэлцээр байгуулах бус харин шуудхан энхийн гэрээ байгуулах нь зүйтэй хэмээн ярих болов. Трамп байр сууриа илэрхийлэхдээ “энхийн гэрээ байгуулах нь гал зогсоох хэлэлцээрээс илүүтэй Украины дайныг эцэс болгох хамгийн зөв арга зам мөн, үүнийг Украин болон түүний холбоотнууд хүсэж шаардаж байна” гэсэн юм. Оросын арми давуу байдлыг олж авч, фронтын нийт шугамын дагуу давшиж буй энэ үед В.Путиний хувьд гал зогсоох бус харин өөрийн тавьж буй нөхцлүүдийн дагуу энхийн гэрээ байгуулах нь ашигтай. 


Иймээс Зеленский даваа гарагт Вашингтонд очихдоо Трампын байр суурь яагаад гэнэт өөрчлөгдсөнийг лавлах болно гэж Нью-Йорк Таймс сонинд бичжээ.


Газар нутгийн буулт буюу Донбассын асуудал


Путинтэй уулзсаныхаа дараа Трампын ярьснаар бол, Оросын тал дайныг дуусгах урьдчилсан нөхцөл болгож Донецк мужаас Украины армийг бүрэн гаргахыг шаардаж байгаа бөгөөд хариуд нь Оросын цэрэг Запорож, Херсон мужуудад явуулж буй байлдааны ажиллагаагаа зогсоож, фронтын шугамыг тэлэхгүйгээр царцаахад бэлэн байгаа ажээ. Үүний сацуу Путин хямралыг өдөөсөн анхдагч шалтгаан болох Украин улс Европын Холбоо ба НАТО-д элсэх явдлыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Үүнээс үүдэн барууны ажиглагчид дүгнэхдээ “оросууд зөвхөн газар нутгийн маргааныг шийдвэрлэхэд бус харин Барууны орнуудын аюулгүй байдлын бүтцэд нөлөөлөхийн тулд Украины дайныг ашиглаж байна” хэмээн хардах болжээ.


Дайнаас өмнө буюу 2021 онд Оросын тал шаардлагаа маш ойлгомжтой байдлаар барууныханд тавьсан юм. Тодорхой хэлбэл, түүхийн үүднээс Оросын нөлөөний хүрээнд багтдаг улс орнуудыг өөртөө гишүүнээр элсүүлэхгүй гэсэн баталгааг НАТО-гийн эвсэл бичгээр гаргаж өгөх ёстой. Гэхдээ эл асуудлыг Аляскийн уулзалтын үеэр хэлэлцсэн эсэхийг Путин, Трамп хоёр шууд хэлээгүй боловч Украины асуудлыг шийдэхийн тулд “хямралыг өдөөгч анхдагч уг үндсийг устгах хэрэгтэй” гэдгийг Путин сануулсан билээ.


Харин Зеленский энэ долоо хоногт мэдэгдэхдээ, Донецк мужийн газар нутгийг өгөхгүй, Донбассаас гарч явахгүй гэдгээ хэлсэн байна. Гэхдээ Украины Үндсэн хуулиар зөвшөөрөгдөж буй хэмжээнд газар нутгийн асуудлыг хэлэлцэж болох юм гэсэн санаагаа битүүлэг байдлаар ойлгууллаа.


Хэрвээ Зеленский Донбассын эзлэгдээгүй байгаа хэсгийг Орост өгөхийг зөвшөөрөх аваас ойрын хугацаанд энхийн гэрээ байгуулах боломжтой гэдгийг Трамп Европын удирдагчдад хэлсэн байдаг. Үүний хариуд Харьков, Сумы мужуудын эзлэгдсэн хэсгээс цэргээ татахад бэлэн байгаагаа Путин илэрхийлсэн гэж Axios сэтгүүлд бичжээ. Гэхдээ энэ нь Украины цэргийн хяналтанд байгаа Донецк мужийн газар нутгийн 30 хувиас хамаагүй бага хэмжээний газар бөгөөд стратегийн хувьд төдийлөн ач холбогдолтой биш юм.


Дээрх нөхцлийг Зеленский зөвшөөрсөн тохиолдолд Украины нутгийн гүн рүү цаашид довтлохгүй гэсэн баталгааг Путин бичгээр гаргаж өгөх ажээ. 

関連ニュース