Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-18 15:01:39

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. 


Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Улаанбаатар хотноо энэ сарын 20-22-нд зохион байгуулах Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум /ФЕАЛАК/-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад оролцох юм. Яриа хэлэлцээний үеэр талууд хоёр улсын худалдаа, эдийн засаг, түүний дотор хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.


Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс нь 1962 оны есдүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон гэж ГХЯ-наас мэдээллээ.

関連ニュース