П.Наранбаяр: Технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Боловсролын цахим шилжилтийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Дэлхийн эдийн засгийн форумаас 2025 онд гаргасан тайланд 2030 он гэхэд одоогийн үйлдвэрлэл, бизнесийн 80 хүртэлх хувьд хиймэл оюун, автоматжуулалт нэвтэрч, хүний нөөцийн ур чадварын эрэлтэд хувьсал гарах төлөв бий. Тухайлбал, 2030 он гэхэд БНХАУ-ын үйлдвэрлэл, бизнесийн 92 орчим хувьд хиймэл оюун, автоматжуулалт нэвтэрнэ. Зах зээлд хиймэл оюун, их өгөгдөл, VR, AR ур чадварын хэрэгцээ өсөж байна. Үүнийг дагаад боловсролд томоохон өөрчлөлт гарч байгаагийн нэг нь иргэдийн бие даан суралцахуйг дэмжсэн цахим боловсролын тогтолцоо илүү хөгжиж байна.
Хөдөлмөрийн зах зээлд ойрын хугацаанд гарах энэ өөрчлөлтөд Монголын боловсролын тогтолцоо хариу үзүүлэхийн тулд технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлжээ. Үүнийг хийхэд өндөр хурдны интернэт, ухаалаг төхөөрөмжийн хүртээмж, цахим сургалт, контентын нээлттэй сан, сургалтыг чиглүүлэх, дэмжих шинэ ур чадвартай багш, сургалтын шинэчилсэн хөтөлбөр шаардлагатай. 2023 оноос хэрэгжүүлсэн "Мэдлэ" цахим сургалт Монголд төдийгүй дэлхийн зарим оронд сайн туршлага боллоо. Энэ сургалтыг Пакистан, Индонез зэрэг улсад хамтран нэвтрүүлэх саналыг тус улсын Боловсролын яам, "Гүүгл" компаниас ирүүлсэн. "Мэдлэ" цахим сургалтад суурилан ерөнхий боловсролын цахим сургууль байгуулахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Боловсролын яам бэлтгэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд "Мэдлэ" цахим сургалтад аймаг, сумын ахлах ангийн 36941 суралцагч хамрагдаж, сонгон судлах хичээлийг судалжээ. Эндээс харахад дээрх нөхцөлийг хангасан үед цахимд суурилсан бие даан суралцахуйг ерөнхий боловсролд амжилттай нэвтрүүлэх бүрэн боломжтойг Боловсролын сайд танилцууллаа.
Тус яам хүүхэд залууст бие даан суралцах, хиймэл оюун, технологийн ур чадварыг багаас нь хөгжүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлээд байна. Үүнд, 2025-2026 оны хичээлийн жилд СӨБ-ын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ирэх хичээлийн жилээс ерөнхий боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг бага ангиас эхлэн үе шаттай явуулах юм. Цахим боловсрол нь багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийн үндсэн стратеги тул 2030 он гэхэд ерөнхий боловсролын дунд, ахлах анги, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролд үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.