ӨМНӨГОВЬ: Үйлдвэрлэл технологийн парк байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг нүүрс баяжуулах үйлдвэрийн гарцад тулгуурлан кокс-хими, эрчим хүч, химийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар зорьж байна.
Тодруулбал, энэхүү үйлдвэр технологийн парк нь Цогтцэций сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй бүрэн нийцэж буй стратегийн чухал төсөл. Тиймээс "Тавантолгой үйлдвэрлэл, технологийн паркын бүтээн байгуулалт"-ыг Өмнөговь аймаг бодлогоор дэмжин хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний үр дүнд говийн бүсийн үйлдвэрлэл, технологийн төв болон хөгжих үндэс суурийг тавих юм. Мөн металлургийн үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх, кокс бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээн экспортлох, химийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин өргөжүүлэх, аймаг орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг боломж нээгдэнэ. Түүнчлэн давирхай, хий, хаягдал ус, үнс боловсруулах үйлдвэрүүдийг байгуулснаар аймаг орон нутаг төдийгүй улсын хэмжээнд ч чухал алхам болно гэж төслийн багийнхан болон орон нутгийн удирдлагууд үзэж байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ дээрх төслийг бодлогоор бүрэн дэмжиж, эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх шатанд яаралтай хэрэгжүүлэх чиглэлээр бүх талаар
хамтран ажиллана гэв.