“Улаанбаатар” явган алхалтын фестиваль боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-04 10:16:09

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Жил бүрийн наймдугаар сарын сүүлчээр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар” явган алхалтын фестиваль өндөрлөлөө.


Энэ хүрээнд Солонгосын явган алхалтын холбооны ерөнхийлөгч, тус улсад 40 жилийн туршид алхалтын соёлыг түгээж байгаа доктор, профессор Кан Ок Лигийн цуврал сургалтыг өнгөрсөн сарын 26, 29-нд зохион байгуулжээ. Фестивальд Монголын алхагчдаас гадна Солонгосын Сөүл, Вонжу, Чэжү, Оросын Горьны Алтай, Эрхүү, Улаан-Үд, Владивосток, АНУ, Англи, Хятад, Тажикстан, Филиппин, Чех, Тайвань, Герман, Бутаны явган алхагчид оролцсон байна.


Энэ нь иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудахын зэрэгцээ Монголын түүх, соёл, өв уламжлал, ахуй байдал болон байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах боломжийг олгох зорилготой аж. Уг фестиваль нь явган аялалд дурласан, алхах дадал хэвшлийг бүтээсэн монголчуудын хамгийн том цугларалт болж жил ирэх тусам өргөжин тэлж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Оролцогчид соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудаар өртөөчлөн явганаар туулж, байгальд ээлтэй аяллын соёлыг төлөвшүүлэх, олон улсын нөхөрлөлийг дэмжих, нутгийн үнэт зүйлсийг хүндэтгэх, хадгалан үлдээхэд хувь нэмэр оруулахыг чухалчилдаг ажээ.


Алхагчид Горхи-Тэрэлжид суурин гэр хүрээ бүхий отог байгуулсан бөгөөд гадаад, дотоодын алхагчид гэр хүрээнд байрлаж, аймаг, дүүргийн явган алхалтын холбоо, клубүүд тус фестивалийн хүрээнд өөрсдийн нэрэмжит олон төрлийн тэмцээн, уралдаан зохион байгуулж, Монголын алхагчдын хамгийн том баяр болж буйгаараа онцлогтой. Тухайлбал, хөтөлбөрт бөхийн барилдаан, сурын харваа, сээр цохих наадаан, дэмбээ наадаан, Монголын уламжлалт шагайн наадгай, хээрийн кино үзвэр, од дурандах, морь, тэмээ унах, өглөөний иог, хий, биеийн тамирын дасгал, гимнастик, шугаман бүжиг хийв.


Энэ жилийн фестивальд дэлхийн 10 орны 500 гаруй явган аялагч, алхагч оролцсон байна. Нас хүйс, ажил мэргэжил, үзэл бодол үл хамааран хамтдаа алхаж, алхалтын туршлага багатай, анхлан алхагчид ч өөртөө цаг гаргаж, энэхүү фестивальд оролцон байгалийн сайханд сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцож, дурсамж бүтээж, эрүүл зөв амьдралын дадал хэвшлийг бүтээсэн үр дүнтэй өдрүүд байсныг оролцогчид ярилаа.


Фестивалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний бодлого, үйл ажиллагаанд нийцүүлэн БТСУХ, НЭМҮТ зэрэг байгууллагын бодлогын дэмжлэгийн хүрээнд явган алхалтын соёлыг дэмжиж, мөн нийслэл Улаанбаатар хот, хот орчимд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо болон Нийслэлийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаа, Чингис-21, Монгол оллэ байгууллага хамтран зохион байгуулав. Тус фестивалийн үзэл санаа, эрүүл амьдралын дадал хэвшил, явган алхалтын соёлыг дэмжиж Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, бизнесийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд олноороо дэмжсэн байна. 











関連ニュース