ЗАВХАН: Голын сав дагуу байрлах нүхэн жорлонгуудыг буулган ариутгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-10 11:21:13

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймаг нүхэн жорлонгоос татгалзах, голын ай сав дагуу байрлалтай нүхэн жорлонг буулгаж ариутгах ажлыг хийж байна.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны үндсэн чиг үүргийн нэг нь байгаль орчноо хамгаалах юм.


Ялангуяа ундны усны ойролцоо байрлаж буй нүхэн жорлонгоос үүдэн бохирдол үүсэж, усаар дамжин хүн амын эрүүл байх нөхцөлд нөлөөлж суурь өвчин үүсэх нөхцөлийг бий болгодог. Тиймээс халдварт өвчлөлийн суурь болсон нянгаас салах, нүхэн жорлон, хог хаягдлыг голын ай сав дагуу хаяхгүй байхыг уриалж бодлогын шийдвэрүүдийг улс даяар хийж байна.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын албан даалгаврын хүрээнд аймгийн Байгаль орчны газар, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа хамтран төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.


Энэ ажлын хүрээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд хөрс, усны бохирдуулагч эх үүсвэр болж буй нүхэн жорлон устгах, ариутгах. Цаашид стандартын шаардлагад нийцсэн сайжруулсан эко байгууламжийн талаар зөвлөмж, мэдээллийг 12 аж ахуйн нэгж байгууллага, 120 айл өрхөд хүргээд байна. Улиастай, Алдархаан сумын Богд, Чигэстэй гол дагуу байрласан 51 стандартын бус нүхэн жорлонг устгах ажлыг хийсэн. Одоогоор 24 нүхэн жорлонг буулгаж устгаж, ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж ариутгасан байна.  


Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.11-д “нутаг дэвсгэрийн хэмжээнд хөрс бохирдуулагч жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авах, шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх”-ээр заасан байдаг.


Тиймээс Завхан аймаг хөрс бохирдуулагч нүхэн жорлонгийн тооллогыг хоёр жилийн өмнөөс хийж мэдээллийн сан үүсгэн, нүхэн жорлонг багасгах талаар тодорхой ажлыг жил бүр хийдэг. Жил бүрийн судалгаанд үндэслэн “Нүхэн жорлонугаадасны нүх техникийн шаардлага. MNS 5924: 2015” стандартын шаардлагад нийцсэн жорлонг суурилуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж хэрэгжилтийг нь хангуулахыг зорьж байна.


Завхан аймгийн хэмжээнд ашиглаж байгаа нүхэн жорлонгийн тооллого бүрэн хийгээгүй. Гэсэн хэдий ч сумдад нэгдсэн тооллого хийж байна. Аймгийн төв, Улиастай сумын 6 багийн гэр хороололд гэхэд нийт 4600 өрх нүхэн жорлон ашиглаж байна гэж Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.


Ташрамд, аймгийн 24 сумаас Улиастай, Тосонцэнгэл, Отгон Алдархаан сум бохир усны нэгдсэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжид холбогдсон. Аймгийн төв, Улиастай сумын 6 багийн өрхүүдийн нэгдсэн бохир усны шугамд холбох ажлын зургийг өнгөрсөн онд хийжээ. Мөн Улиастай сумын төвөөр урсдаг хоёр голын дунд орших Богдын гол багийн бор дүнзэн байрны хэсэгт 500 м гадна бохир усны шугам хийж74 айл бохир усны нэгдсэн шугам сүлжээнд холбогдох боломжтой болсон байна. 


Нүхэн жорлонг буулгаж, ариутгах ажлыг хийж байна

関連ニュース