Шөнийн тэг цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн төвд шөнийн 02.00 цаг хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй байсан аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг шөнийн 00.00 цаг болон өөрчиллөө.
Иймээс шөнийн 00.00 цагаас хойш үйл ажиллгаагаа явуулж байгаа архи согтууруулах ундаагаар үйлчилсэн болон худалдан борлуулж иргэдийн тав тух, амгалан тайван байдлыг алдагдуулсан байгууллагад хариуцлага тооцож архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авахаар болжээ.
Өнгөрсөн наймдугаар сард олимпийн сар байсантай холбогдуулж Дархан-Уул аймгийн өмнөх Засаг дарга архи согтууруулах ундаагаар үйлчилдэг гурван аж ахуйн нэгжид шөнийн 02.00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгосон байсан захирамж 10 дугаар сарын 1-ээр дууссан тул дээрх шийдвэр гарчээ.
“Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2015 оны зургадугаар сарын 11-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно” гэж заасан.
Б.Норовсамбуу