ӨВӨРХАНГАЙ: Эрдэнийн чулуунууд зөвхөн Арц Богдын нуруунд байдаг байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-16 18:02:48

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Тус аймаг дахь түүхэн дурсгал бүхий үзэсгэлэнт газруудын нэг бол Арц Богд уул юм.

Аймгийн урд зах, Богд суманд орших Арц Богдын нуруу нь 180 км урт үргэлжилдэг ба зүүн, баруун өвөртөө 10 гаруй задгай ус, горхи, булагтай учраас жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа тэтгэдэг.

Дэлхийд ховор чүнчигноров чулуу, өнгө нь гэрэлд үргэлж хувирч харагддаг судалт болор хэмээх эрдэнийн чулуунууд зөвхөн Арц Богдын нуруунд байдаг байв. Гэвч 1990-ээд оны дунд, сүүл үеэр хөөрөг, үнэт эдлэл хийх зорилгоор хараа хяналтгүй авдаг, Хятад руу машин, машинаар зөөж гаргадаг байсны улмаас ховордож, ил харагдах зүйлгүй болсныг нутгийнхан харамсан ярьдаг.



Энд арц, яргай, далан хальс, замбага, азуй, ам согоовор гэхчлэн ховор төрлийн өвслөг, бутлаг эмийн ургамал олноор ургана.

Мөн эртний чулуун зэвсгийн доод үед хамаарах Дарханы газар, Илжгэн чихт хааны мөр, Хөвийн хоолойн чулуун хана, Сэрвэнгийн арын Гамингийн тойром, Ноён хутагтын хийдийн туурь, Тэвш уулын хадны моринд хөллөсөн дөрвөн дугуйт тэрэгтэй хүмүүсийн сүг зураг бүхий бичигт хад зэрэг түүхэн дурсгалт газрууд олон бий.

Уулсын ар тал нь эгц, нэлээд хадархаг говийн шинжтэй бол өвөр тал нь нэлээд налуу, олон салбар уулстай. Ноён оргил нь далайн түвшнээс дээш 2477 метр өндөр Их баян уул бол Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсөнө.

Салбар уулсад олон тооны, төрөл бүрийн агуй, хөмөг, хонгилууд байх бүгд өөрийн гэсэн түүх, домгийг агуулдаг. 

関連ニュース