Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас газар чөлөөлөлттэй холбоотой УИХ-ын гишүүдэд баримт бичиг хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-17 17:24:59

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хот дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрүүд олон жилийн турш хэрэгжиж ирсэн ч хүний эрхийг зөрчсөн, иргэдийн оролцоо, мэдээлэл авах эрхийг зөрчсөн олон тохиолдол гарч байна.


Тухайлбал, дахин төлөвлөлтөд өртсөн иргэд урьдчилсан мэдээлэлгүйгээр хэлэлцээрт орох, хөрөнгөө шударгаар үнэлүүлэх, шударга нөхөх олговор авах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд өргөдөл, гомдол гаргаж эрхээ хамгаалуулах хуулийн хамгаалалт хангалтгүй байгаа юм. Хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой үндэсний хууль тогтоомжууд нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй, хэрэгжилтийн явцад гарч буй процесын алдаа нь хүний эрх зөрчигдөх гол шалтгаан болсоор байгааг Монголын Эмнести Интернэшнл анхааруулсаар иржээ.


Тэгвэл байгууллагаас “2024-2028 онд ажиллах УИХ-д санал болгох хүний эрхийн хэлэлцэх асуудал”-д “Хот дахин төлөвлөлтийн хүрээнд хүний эрхийг хүндэтгэн хамгаалах” асуудлыг онцолж, дараах зөвлөмжүүдийг хүргүүлсэн байна.  Үүнд:

-Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжид олон улсын хүний эрхийн хуулиар хамгаалагдсан орон байраар хангагдах эрхийн хамгаалалтыг цогцоор нь тусгаж, шинэчлэн батлах;

-Эдгээр хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, уялдааг сайжруулах, хот дахин төлөвлөх, процесс процедурыг хянах, хариуцлага тооцох механизмыг бий болгох.


Тиймээс Монголын Эмнести Интернэшнлээс УИХ-д гишүүдэд хандан, шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн хуулийн хамгаалалтыг сайжруулах, хот төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой үндэсний хууль тогтоомжийн зохицуулалт, агуулгыг олон улсын хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээ, Үндсэн хуулийн суурь зарчмуудад нийцүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг уриалж, “Шаардлагад нийцсэн орон байртай байх эрх”-ийн хамгаалалт, анхаарах асуудлын тойм” баримт бичгийг хүргүүлсэн байна.

 

 

関連ニュース