Монгол-Энэтхэгийн харилцаа оюун санааны хөршөөс гуравдагч хөрш, стратегийн түншүүд болж өргөжсөнийг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-19 16:25:06

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран “Оюун санааны болон стратегийн түншүүд: Монгол ба Энэтхэг дипломат харилцааны 70 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яаманд өнөөдөр зохион байгууллаа.


ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхзул тус эрдэм шинжилгээний үеэр тавьсан илтгэлдээ, “Монгол, Энэтхэг нь газар зүйн хувьд бие биеэсээ алслагдмал хэдий ч эртний түүхэн харилцаатай орнууд юм. Улмаар хоёр улс харилцан зөвшилцсөний үндсэн дээр 1955 оны 12 дугаар сарын 24-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоон, харилцан Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэн чухал алхам болсон юм. Тухайлбал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1959 онд Энэтхэг Улсад айлчилсан нь манай улсын төрийн тэргүүний зүгээс тус улсад хийсэн анхны айлчлалд тооцогддог. Дипломат харилцаа тогтоосон эхний он жилүүдэд хоёр орны харилцаанд урлаг соёл, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа идэвхтэй өрнөдөг байсан бол Монгол Улс ардчиллын зам руу орсноор нийтлэг соёлын үнэт зүйлс дээр тогтсон оюун санааны хөршийн харилцаа улам бүр өргөжиж, олон салбарыг хамрах болоод байна. Товчдоо бол, манай улс анх 1994 онд Гадаад бодлогын үзэл баримтлалаа баталж, 2011 онд шинэчлэхдээ оюун санааны хөрш, БНЭУ-ыг гуравдагч хөршийн бодлогын хүрээнд авч үзэх болсон” хэмээн онцлов.


МУИС-ийн багш, доктор Н.Алтанцэцэг дорно дахин судлаачийн хувиар хэлэхдээ, “Монгол-Энэтхэгийн харилцаа Иж бүрэн түншлэлийн харилцаанаас Стратегийн түншлэлийн харилцаанд шилжээд 10 жилийн нүүр үзэж байна. Тодруулбал, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад айлчлах үеэрээ хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн. Стратегийн түншлэлийн харилцаанд олон тулгууртай байхаас гадна тулгууруудын эрх ашгийн нийцэл ихээхэн чухалд тооцогддог. Энэ утгаар нь авч үзвэл, Энэтхэг Улс нь манай улсын гадаад бодлогын нэгээхэн тулгуур бөгөөд тэдгээр нийцэл юу байж болох вэ гэдэг дээр судалгааны ажлаа явуулж байна. Одоогоор 7 зүйлийг тодорхойлсон хэдий ч том гүрний гадаад бодлогыг судлахад ихээхэн цаг хугацаа шаардагдаж байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд гарч буй олон улсын харилцааны өөрчлөлтүүдийг харахад, Энэтхэг Улс нь Монгол Улсын гадаад бодлого талд жин дарах гол орнуудын нэг хэвээр байх болно” хэмээлээ.


Дотоод хэргийн их сургуулийн Гадаад хэлний тэнхимийн багш, доктор Б.Алгирмаа яриандаа, Энэтхэг Улс орчин цагт боловсролын салбарын шинэтгэлийг бодитоор нь хэрэгжүүлж, цахим хэлбэрт шилжүүлж буй нь ихээхэн үр дүнгээ өгч байгаа болохыг хэллээ. Манай улс 1990-ээд оноос эхлэн жилд багадаа 20 монгол оюутныг богино болоод урт хугацааны сургалтад хамруулж ирсэн. Тухайн оюутны сургалтын төлбөр болоод амьдрах зардлыг энэтхэгийн тал бүрэн хариуцдаг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад, Энэтхэг нь нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж буй. Үүний зэрэгцээ боловсролын шинэчлэлээрээ дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн тул монгол залуус мэдээлэл технологи болон өөрийн сонирхсон чиглэлээр суралцах нь ихээхэн үр дүнтэй болохыг тэрбээр яриандаа дурдлаа.


Эрдэм шинжилгээний хуралд оролцогчид энэ үеэр "Өдгөө цагт хоёр улс нь оюун санааны хөршөөс гуравдагч хөрш, стратегийн түншлэлийн харилцаатай орнууд болж, харилцаа-хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа" гэдэгт санал нэгдэж байв.


 


関連ニュース