Хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр нүүрсний экспортыг ирэх онд 90 сая тоннд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-22 17:27:17

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа.


УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг энэ үеэр хэлэхдээ тус байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт”, “Улсын төсвийн хөрөнгө оруулалт”, “Уул уурхай бүтээгдэхүүний экспортын боломж, эрсдэл”, “Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн төсөл”, "Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл”-ийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсныг онцлов. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Төсвийн орлого бүрдүүлэлтийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ 2025 оны нэгдсэн төсвийн орлогын эхний найман сарын байдал, төсвийн орлогын тооцоололд ашигласан макро үзүүлэлтүүд, орлого бүрдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, төсвийн орлогын бүтцийн талаар хөндсөн юм.


Энэ оны эхний найман сарын байдлаар, төсөвт 19.3 их наяд төгрөгийн орлого төвлөрчээ.


Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт орлого 572.4 тэрбум, тэнцвэржүүлсэн орлого 818.5 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Татварын орлого 1.1 их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 931.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 120 тэрбум, хүн амын орлогын албан татвар 243.2 тэрбум төгрөгөөр давж биелсэн бөгөөд татварын бус орлого 306.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэв. Мөн төсвийн орлого бүрдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тухайлбал, Үндэсний баялгийн санг арвижуулах, Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 40 хувийг хуваарилж байгааг ирэх онд 65 хувь болгохоор төлөвлөжээ. Боомтын дэд бүтэц, тээвэр зохион байгуулалтыг сайжруулж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр нүүрсний экспортыг ирэх онд 90 сая тоннд хүргэнэ гэв. Нэмэгдсэн өртгийн албан татварын 1 сая хүртэлх худалдан авалтын иргэдийн буцаан олголтыг 5 хувьд хүргэх, төлбөрийн баримт олголтыг цахимжуулж, хамрагдалтыг нэмэгдүүлснээр татварын бааз, суурийг өргөжүүлнэ хэмээн илтгэлдээ дурдсан юм.


Хэлэлцүүлэг “Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Г.Алтанзаяагийн “Төсвийн орлого, татварын шинэчлэлийн уялдаа” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн. Тус илтгэлд төсвийн орлого, орлого бүрдүүлэлтийн загвар, татварын шинэчлэл, олон улсын чиг хандлага ба практик туршлага, Монгол Улсын нөхцөл ба сорилтууд, татварын шинэчлэлийн бодлогын загвар хуулиудын төсөл, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварын уялдааг сайжруулах хувилбар, хүн төвт нийгэм-хүн амын орлогын албан татварын шинэчлэлийг бусад хуулиудтай уялдуулах зэрэг асуудлыг хөндсөн байлаа. Тухайлбал, татварын шинэчлэл нь төсвийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, иргэн, төрийн харилцаатай бодлогын уялдаатай байх талаар тайлбарлав.


Мөн илтгэлд татвар нь зөвхөн төлбөр төлөх биш, хамтын хариуцлага, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэдгийг тодотгосон. Дээрх илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.



関連ニュース