“Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулж буй “Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум энэ сарын 24-25-нд Улаанбаатар хотод болж байна.
Форумын эхний хуралдааныг ХХЗХ-ны гишүүн, ажлын албаны дарга А.Лувсан-Очир удирдаж, дижитал эдийн засгийн
зохицуулалтын чиг хандлага, онлайн платформын өрсөлдөөн, дижитал экосистемийг
хамтын ажиллагаанд суурилан хөгжүүлэх тухай хэлэлцэв. Энэ үеэр онлайн платформын өрсөлдөөнийг
хамгаалах, дэмжих, зах зээлийн давамгайлал, шударга өрсөлдөөний бодлого, дижитал орчинд хэрэглэгчийн эрх
ашгийг хамгаалах, тулгарч буй сорилт, зохицуулах байгууллагын чадавхыг хөндөж,
дижитал орчинд зохицуулалтын шинэ загвар шаардлагатайг онцоллоо.
Удаах хуралдааныг
ЦХИХХ-ны Төрийн нарийн
бичгийн дарга, ХХЗХ-ны гишүүн Ч.Золбаяр удирдахдаа дижитал дэд бүтцийн хөрөнгө
оруулалтын орчин бүрдүүлэхийг онцлоод, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, алс
хөдөө орон нутгийн бүсийг холбох шийдэл, дэд бүтцийн технологийн сонголт,
сүлжээ, дэд бүтцээ хамтран
ашиглах, 5G холболтын чанарыг сайжруулахад төрийн үүрэг, оролцоог тодотгов.
Үүний дараа ХХЗХ-ны
Радио давтамж, хяналт, зохицуулалтын газрын дарга Ц.Чулуунбаатар хуралдааныг чиглүүлж, 5G сүлжээ, үйлчилгээний
хөрөнгө оруулалтын өгөөж, борлуулах
боломжийг дээшлүүлэхтэй холбоотой олон улсын туршлага, хөрөнгө оруулалт,
бодлого, зохицуулалтыг ярилцсан юм.
Ингэхдээ шинэ технологи, стандарт, дэд бүтцийн төлөвлөлт, хэрэглэгчийн
эрэлт хэрэгцээг нэмэх бодлого, үйлдвэрлэлд ашиглах радио давтамжийн зурвас, сүлжээ,
дэд бүтцийн хүртээмж бий болгох, үндэсний сүлжээний чанарыг сайжруулах, 5G-ийн
бизнес загварт үзүүлэх нөлөө, үнэ
цэн, уламжлалт радио
давтамжийн бодлогын шинэчлэлт, радио давтамжийн зурвасыг хамтран ашиглах
боломж, шийдэл, 5G сүлжээг ашиглан хоёрдогч зах зээл бий болгохыг хөндөв.
Харин сүүлийн
хэсгийн хуралдааныг ХХЗХ-ны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд удирдаж,
хиймэл оюуны зохицуулалтын чиг хандлага, хиймэл оюуныг ашиглан инновацийг
дэмжих, эрсдэлийг
тэнцвэржүүлэх тухай хэлэлцэв.
Энэ хэсэгт хиймэл оюуны өгөгдөлд хандах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах,
итгэмжлэгдсэн AI, сайн дурын
баталгаанаас заавал мөрдөх шаардлагад шилжих, хиймэл оюуныг ашиглах туршлага, төр-хувийн хэвшлийн
хамтын ажиллагааг ярилцсан юм.
Монголд дижитал шилжилтийн сорилт, боломжийг дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангах, гарц
гаргалгааг хэрэгжүүлэхэд дөхөм болж
буй энэхүү форум нь зохицуулалтын хараат бус байдлыг хангах, дижитал
эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, ирээдүйн зохицуулагчдын шинэ ур
чадвар, арга хэрэгслийг тодорхойлох зорилготой юм.
Форумд олон
улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын Эрх зүйн
асуудлаар зөвлөх төв, Интернэтийн нэр, тоон хаягийн корпорац, Хөдөлгөөнт
харилцаа холбооны ассосацийн глобал систем, Азийн Номхон далайн бүс нутгийн
сүлжээний мэдээллийн төв, Тайланд, Малайзын
зохицуулах байгууллага, технологи үйлдвэрлэгч Huawei компани зэрэг олон улсын
байгууллага, салбарын гол тоглогч, Монголын
оператор компанийн төлөөлөл оролцож
байна.