Молдавын Ерөнхийлөгчийн сонгуульд Игорь Додон яллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИШИНЕВ./TASS/. ОХУ-тай нягт харилцаатай байхыг дэмждэг Социалист намын дарга Игорь Додон Молдав улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ.
Молдавын Сонгуулийн ерөнхий комисс нийт саналын хуудасны 99.42 хувийг тоолсны дараах байдлаар Игорь Додон 54.6 хувь буюу 834 070 сонгогчийн санал авсан байна.
Харин түүний өрсөлдөгч болох Үйл ажиллагаа, эв санааны нэгдэл намын /Европын Холбоог чиглэсэн бодлого явуулдаг/ нэр дэвшигч Майя Санду 47.3 хувь буюу 749 720 хүний санал авчээ.
Тоологдоогүй байгаа 0.58 хувийн саналын хуудсууд АНУ, Канад зэрэг орнууд дахь Элчин сайдын яамдаас ирэх бөгөөд энэ нь сонгуулийн дүнд нөлөөлөхгүй юм. Хоёр өрсөлдөгчийн авсан саналын зөрүү 85 мянга орчим байгаа бөгөөд 17 мянга хүрэхгүй тооны санал тоологдоогүй байна.
Санал хураах байрнуудаас протоколууд ирсний дараа буюу маргааш сонгуулийн эцсийн дүнг танилцуулна гэж Сонгуулийн ерөнхий комиссын төлөөлөгч мэдэгдэв.
Харин Игорь Додон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ “бид ялалт байгууллаа. Чамгүй хүчтэй өрсөлдсөн Майя Сандуд баяр хүргэе. Намайг дэмжиж саналаа өгсөн болон намайг эсэргүүцэж байсан хүмүүсийн аль алиных нь хувьд би тэдний Ерөнхийлөгч нь байх болно” гэсэн байна.
Д.Нямтулга