Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татвар бодитой эсэхэд хяналт тавих чиглэлийг Засгийн газарт өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татвар хуулийн хүрээнд байгаа эсэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын баталлаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг цахим системээр хүлээн авч болно” гэж заасны дагуу иргэн Э.Батбаярын гаргасан Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулсан. Мөн Байнгын хорооны 2025 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан билээ.
Иймд өнөөдрийн хуралдаанд Байнгын хорооны тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал авто тээврийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлогыг холбогдох хуулиуд нь хангаж чадаж байгаа эсэхийг онцлоод Засгийн газраас Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу асуудалд иж бүрэн үнэлгээ хийх шаардлагатай гэв.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой асуудал нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас холбогдох хуулийн хүрээнд гаргасан шийдвэр гээд Улсын Их Хурал болон Байнгын хорооноос хуулийн хүрээнд гаргасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дотоод үйл ажиллагаа, шийдвэрт оролцох эрхгүй гэв. Харин ажлын хэсгээс нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн асуудлыг хэлэлцсэн хурал нь хуулийн хүрээнд болсон эсэх асуудлыг тавьж, холбогдох албан тушаалтнууд ирж, тайлбар өгсөн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татвартай холбоотой асуудал хуулийн хүрээнд байгаа эсэх, зарцуулалтад хяналт тавь гэсэн агуулгатай чиглэлийг Засгийн газарт өгч байна гэв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Н.Алтанхуяг нар хэлэлцэж буй асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан нийслэлийн 1.0 сая иргэний тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар нэмэхийг дэмжих, эсэх санал асуулгыг хоёрхон хүний саналаар шийдэж болох уу гэх асуултад нийслэлийн удирдлагуудаас өнөө хэр тодорхой хариу өгөөгүйг онцоллоо.