Т.Эрдничимиг: Манай аймаг, манай Сайншанд гэж хэлдэг болтлоо ижил дасал болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын II сургуулийн орос хэлний багш Т.Эрдничимигтэй ярилцлаа. Тэрбээр монгол хэлийг сайн сурснаас гадна төрөлх орос хэлээ говь нутгийн хүүхдүүдэд зааж сургах үйлсэд өөрийн хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа юм.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Би ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын иргэн. БНХАУ-ын ӨМӨЗО-д оюутан байхдаа нөхөртэйгөө анх танилцаж байлаа. Нөхөр маань Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн байсан тул бид 11 жилийн өмнөөс Сайншандад ирж амьдарсан. Сайншанд хотын Ерөнхий боловсролын II сургуульд 10 дахь жилдээ ажиллаж байна.
-Монгол
хэлийг монгол хүнээс дутахгүй сайн сурчээ. Хэрхэн сурав?
-Өвөрмонголд байхдаа монгол хэлийг бага зэрэг сурсан. Мэдээж Монгол Улсад, Дорноговь аймагт анх ирэхэд хүнтэй ойлголцохгүй хэцүү байлаа. Монголоор ярих бүрд гаргасан алдааг нөхөр маань засаж залруулж өгдөг байсан. Тэгээд л бага багаар ярьсаар сайжирсан даа. Харин одоо монголоор чөлөөтэй ярьж ойлголцдог болсон. Манайх хоёр хүүхэдтэй. Нөхөр маань Сайншандад ажилладаг. Хүүхдүүд II сургуулийн бага ангид суралцдаг.
-Хүүхдүүд тань оросоор ярьдаг уу?
-Хүүхдүүд маань Сайншандын ерөнхий боловсролын II сургуульд суралцдаг. Ихэнхдээ монголоор ярина. Хааяа оросоор ярьдаг.
-Монгол хүүхдүүд
орос хэл сурах сонирхол хэр байдаг вэ?
-Монгол хүүхдүүд гадаад хэл сурах авьяастай. Орос хэл сурах сонирхолтой, сурч байгаа олон хүүхэд ч бий. Манай хоёр улсын хэл хоорондоо төстэй. Монгол хэлэнд монголжсон орос үг ч олон бий.
-Говь
нутагт анх ирэхэд ямар байв? Нутгийн иргэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх ирэхэд хэцүү байсан. Говийн шороон шуургатай нүүр тулахад айдас төрж байсан ч одоо дасжээ. Цаг улирлын байдал нь манай нутагтай төстэй. Намайг орос орноос ирсэн гэхлээр нутгийн иргэд элгэмсэг сайхан хүлээж авсанд баяртай байдаг. Сайншанд хот маань 11 жилийн өмнөхөөсөө өөрчлөгдөн, шинэчлэгдэж хөгжиж байна.
Нэг л мэдэхэд манай аймаг, манай Сайншанд гэж хэлдэг болтлоо ижил дасал болжээ.
-Энэ хугацаанд хэчнээн шавьтай болов?
-Одоогийн байдлаар миний шавь нараас 15-16
хүүхэд ОХУ-д 100 хувийн тэтгэлгээр сурч байна. Тэд маань мэдээллийн технологи,
инженер, эмч, төмөр зам, эдийн засаг, олон улсын харилцаа гэх мэт мэргэжлээр
амжилттай сурч байгаа. Анхны шавь энэ
жил Санкт-Петербургийн Их сургуульд хүүхдийн эмчээр сурч төгсөөд Улаанбаатар
хотод ажиллаж байна. Шавь нартайгаа байнга холбоотой байдаг.
-Аймаг орон нутгаас дэмжлэг хэр үзүүлдэг вэ?
-Орон нутгаас маш сайн дэмждэг. Өнгөрсөн онд миний ажил хөдөлмөрийг үнэлж хоёр өрөө байраар хангасан. Гэхдээ таван жилийн хугацаанд орон нутагтаа үр дүнтэй ажиллах болзолтойгоор гэрээ байгуулсан.
-Монголчуудын
уламжлалт баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Усыг нь уувал ёсыг нь дага гэж монгол зүйр цэцэг үг бий. Тиймээс гэр бүлтэйгээ хамт монгол уламжлалт баярыг хүндэтгэн тэмдэглэдэг.
-Таны хувьд монголчуудын хамгийн сайхан чанар хийгээд эмзэглэж явдаг зүйлийн талаар хуваалцвал?
-Монголчууд эмэгтэй хүнийг, ээж хүнийг их хүндэтгэдэг нь сайхан санагдсан. Мөн ахмад настнуудыг ихэд хүндэлдэг сайхан ёс заншилтай. Харин эмзэглэж явдаг зүйлийн хувьд хүмүүс соёлд суралцаасай гэж боддог. Гэхдээ сүүлийн үед хүмүүс илүү соёлтой болж байгаа нь анзаарагддаг.
-Таны
цаашдын зорилго юу вэ?
-Говь нутгийн хүүхдүүдэд орос хэлний эрдэм мэдлэг түгээж, цаашдаа тэднийг ОХУ-д сургахад гүүр болж ажиллах хүсэл тэмүүлэл бий.
-Бидний
ярилцлага өндөрлөж байна. Та хамт олон, ойр дотны хүмүүстээ хандаж талархал дэвшүүлэх үү?
-Тус сургуульд ирж ажилласандаа баяртай байдаг. Хичээнгүй хамт олон, сурах идэвхтэй хүүхдүүдтэй ажиллаж буйдаа хэзээ ч харамсахгүй. Сургуулийнхаа хамт олон, гадаад хэлний Заах аргын нэгдлийн хамт олон, орос хэлний багш нар, сургуулийн удирдлагууддаа баярлалаа гэж хэлье. Эрүүл энх сайн сайхныг хүсье.