ОХУ-ын Эдийн засгийн сайдыг авлигын хэргээр саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-15 12:32:45

МОСКВА. /KAZINFORM/. ОХУ-ын Эдийн засгийн сайд Алексей Улюкаевыг авлигын хэргээр саатуулжээ.

Тус улсын Авилгатай тэмцэх газар буюу Мөрдөн шалгах хорооны мэдэгдсэнээр, А.Улюкаев нь нефтийн томоохон компани болох “Роснефть”-д газрын тосны өөр нэгэн компани болох “Башнефть”-ийн хувьцааны 50 хувийг авах боломжийг олгоход хүргэсэн эерэг үнэлгээ хийж өгснийхөө хариуд 2 сая долларын хээл хахууль авсан бололтой.
ЗХУ задарснаас хойш буюу 1991 оноос хойш Орост ийм өндөр албан тушаалтныг баривчилсан анхны тохиолдол нь энэ юм.

Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол түүнд 8-15 жилийн хорих ял оноох ажээ.

Төрийн өмчийн “Роснефть” компани нь энэ оны 10 дугаар сард “Башнефть”-ийн хувьцааны 50 хувийг 330 тэрбум рубль буюу 5 тэрбум доллароор худалдан авсан байна.

Харин “Роснефть”-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “манай компани ОХУ-ын хуулийн дагуу “Башнефть”-ийн хувьцааг худалдаж авсан” гэв.

А. Улюкаевыг 2013 онд эдийн засгийн сайдаар томилж байсан юм. Тэрбээр сайд болохоосоо өмнө 10 жилийн турш Оросын Төвбанкны дэд даргаар ажиллажээ.

Г.Доржханд

 

関連ニュース