НҮБ-ын хороо ОХУ-ыг буруушаасан тогтоол баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-16 09:29:02

НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Хүмүүнлэг, нийгмийн асуудал хариуцсан хороо Крым дэх хүний эрхийн байдлыг буруушаасан тогтоолыг баталлаа.

Тогтоолыг АНУ, Их Британи, Канад тэргүүтэй 73 орон дэмжсэн бол ОХУ, Армен, Беларусь, Венесуэл, Хятад, Энэтхэг тэргүүтэй 23 орон эсэргүүцсэн байна. Харин 76 орон санал өгөхөөс түдгэлзсэн байна.

Украины өргөн барьсан уг тогтоолд Крымийн татарууд болон Украины цөөнхийг ялгаварлан гадуурхаж, хүний эрхийг зөрчиж байгааг буруушаажээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны Хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хүний эрхийн асуудал хариуцсан газрын дарга Анатолий Викторов хорооны хурлын үеэр хэлэхдээ, энэ тогтоол Крымийн бодит нөхцөл байдал болон тус хойгийн оршин суугчдын санал бодол, хүсэл эрмэлзэлтэй ямар ч авцалдаагүй байна гэлээ.

“Тайван, эдийн засаг нь аажмаар хөгжиж байгаа аюулгүй нийгэмд амьдарч буй крымчүүдийн нэгэн адил амьдрахыг олон тооны украинчууд хүсч байна. Энэ нь Крымд нөхцөл байдал ямар байгаа харуулж байна” гэж тэрбээр нэмж хэлэв.

Мөн тэрбээр, “хүний эрх зөрчигдөх асуудал өдөр тутмын хэвшил нь болсон улс энэхүү тогтоолыг санал болгосон бөгөөд уг тогтоол нь хүн эрхийн асуудлыг хэрхэн улс төрийн тоглоом болгож болохыг харуулсан нэгэн жишээ юм” гэж мэдэгджээ.

Тогтоолыг ирэх сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өргөн барих бөгөөд гишүүн орнууд дээрхтэй адил саналаар батлах төлөвтэй байна.

Д.Нямтулга

関連ニュース