ӨВӨРХАНГАЙ: Нүүдлийн мал аж ахуйд тохирсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн парк байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-21 09:44:10

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор "Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025" хэлэлцүүлгийг Өвөрхангай аймагт зохион байгууллаа.


Хэлэлцүүлгээр арьс ширэн түүхий эдийг чанар стандартын дагуу бэлтгэх, чанарыг сайжруулах, үнэлэмжийг өсгөх, төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийг танилцуулах, нүүдлийн мал аж ахуйд тохирсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн парк байгуулах талаар онцлон мэдээлэл өгсөн юм.


Мөн Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж, ХАА-н биржээр дамжуулан түүхий эд бэлтгэх, урамшууллын болон татварын цахим системийн уялдаа зэрэг олон сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өглөө.



Энэ үеэр арьс, ширээр үйлдвэрлэсэн гутал, савхин хүрэм, цүнх зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн харуулж,  “Булигаар” ХХК, “Мон-Ирээдүй” ХХК, "Арилдий" ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгч компаниуд арьс шир, түүхий эдийг хоршоодоос худалдан авах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 


Тус хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, Зээлийн батлан сангийн Хангайн бүс, “Цагаан алт” ТББ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж, сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, малчин, хоршоологчдын төлөөлөл болох 70 хүнийг хамруулсан байна.

関連ニュース