Дүүжин замын тээвэр төслийн найм дахь тулгуур баганыг суурилууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-22 09:17:11

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг-Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй.


НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн барилга угсралтын ажил энэ оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Дүүжин замын тээврийн төслийн нэгдүгээр шугам нь Яармаг-Арцат-Өнөр хороолол, хоёрдугаар шугам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд барина. Нэгдүгээр шугамын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тус чиглэлд тулгуур багануудыг суурилуулах, буудлын барилгын ажлыг хийж байна. Одоогийн байдлаар 10 дугаар тулгуур баганыг суурилуулжээ. Ингэснээр нийт 19 тулгуур багана суурилуулахаас өнөөдрийн байдлаар найм дахь тулгуурыг босгоод байгаа аж. 


Төслийн бетон цутгалтын ажлыг 10 дугаар сарын 30-нд  дуусгахаар төлөвлөсөн бөгөөд суурийн ажил бүрэн дуусаж, 28 хоногийн бат бэхдээ хүрсний дараа металл хийцлэлийг хоёр өдөрт багтаан угсрах боломжтой. Мөн суурийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол тулгуур цамхгийн суурилуулалтыг 11 дүгээр сард бүрэн хийж дуусгахаар төлөвлөжээ. 


Төслийн сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал болон холбоо, дохиоллын ажлыг 2026 оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.


 

関連ニュース