“Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэд түлшний карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшн ашиглан түлшээ худалдан авч байна.
Түлш худалдан авах төлбөр тооцоо, түгээлтийн хяналтыг нэгтгэсэн
тус цахим системийг нэвтрүүлснээр түлш худалдах уламжлалт үйл явцыг цахимжуулж,
иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдүүлжээ. Аппликейшнийг
TechFin, GovTech, CivicTech чиглэлээр амжилттай хөгжүүлэн, хэрэгжүүлж байгааг
НЗДТГ мэдээлэв.
Иргэд “Хотула” аппликейшнийг ашиглан хатуу, хийн түлшийг гар
утсаараа худалдан авах, QR код ашиглан цахимаар төлбөр төлөх, түлш түгээх байршил
мэдээллийг харах, өрхийн хэрэглээгээ хянах, хэрэглээний бусад төлбөрийг ч төлөх
боломжтой. Ингэснээр виртуал карт автоматаар үүсэж, уг картыг өрхийн гишүүд
хамтран ашиглаж ч болно. Харин аппликейшн ашиглах боломжгүй иргэд иргэний
үнэмлэхийн QR кодоор түлш худалдан авах юм.
Тус аппликейшнийг нэвтрүүлэн түлшийг цахимаар борлуулж
эхэлсэн ч хэрэгжүүлэх явцад зарим зохицуулалт шаардлагатай болжээ. Тухайлбал,
нэг өрхөд зориулсан аппликейшнийг олон хүн зэрэг ашигласнаар түлшний
хуваарилалт, нөөцийн тооцоонд зөрүү гарах эрсдэл үүсгэсэн тул системийн нэгдсэн
хяналт, хэрэглэгчийн эрхийн баталгааг сайжруулж байна. Цаашид системийг
өргөжүүлж, хэрэглэгчийн туршлага, техникийн хүртээмжийг нэмэх, нөөцийн
хуваарилалт, төлбөрийн уялдааг нарийвчлах замаар түлшний хангамж, түгээлтийн ил
тод, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх аж.
Нийслэлд өнгөрсөн сарын 15-наас сайжруулсан, хагас коксон
шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаж байна.
Ulaanbaatar