Шар шороон шуургатай тэмцэхэд хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-10-25 13:36:38

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улс БНХАУ, БНСУ, НҮБ-тай хамтран сүүлийн жилүүдэд давтамж нь олшрох болсон шар шороон шуургатай тэмцэхэд хамтран ажиллана. 


Учир нь Монголын элсэн цөлөөс үүссэн шороон шуурга БНХАУ, БНСУ-д агаарын хэм алдуулах хэмжээнд хүрч байгаа нь энэ чиглэлд дорвитой анхаарах шалтгаан болж байгааг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр НҮБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын түншлэл, зохицуулалт хариуцсан орлогч Хирохито Тода, БНСУ-ын Инчон хотод байрладаг НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, нийгмийн комиссын зүүн ба зүүн хойд азийн төлөөлөгчийн газрын дарга Др.Б.Ганболд нар баасан гарагт уулзах үеэрээ ярилцжээ.


Шар шороон шуурга, гамшгийн эрсдэлээс сэргийлэх ажыг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн ажлыг хамтран санаачилж, бүс нутаг, үндэсний манлайлал бүхий ажлаа ирэх оны наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр танилцуулахаар болсон байна.


Түүнчлэн, хамтарсан төсөл хөтөлбөр эхлүүлэх, шар шороон шуурга, цөлжилтийн асуудал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР 17)-ын үед Монгол Улсаас дэвшүүлж буй санаачилгуудын талаар санал солилцжээ. 



関連ニュース