Чингис хотын ууган иргэн өнөөдөр 3 ой хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг албан ёсоор “Чингис хот” хэмээн нэрийдэх болсон түүхэн үйл явц 2013 оны 11 дүгээр сарын 18-ны билэгт сайн өдөр тохиож байсан бөгөөд эл өдөр мэндэлсэн хүү өнөөдөр 3 ой хүрч байна.
Чингис хотын ууган иргэнээр тухайн үед Бэрх тосгонд хувиараа хөдөлмөр эрхлэгч Г.Отгонбат, Г.Батжаргал нарын гурав дахь хүүхэд болох Билэгтзаяа хүү тодорсон байдаг. Хүү 4 кг 450 грамм жинтэй, 52 см-ийн өндөртэй төрсөн бөгөөд аймгийн НЭ-ийн Төрөх тасгийн Их эмч К.Кульжаны эх барьсан 4000 гаруй хүүхдийг отголсон давхар баяр тохиож байсан юм.
Тэр үед аймгийн удирдлагууд “Чингис хот”-ын ууган иргэн О.Билэгтзаяа хүүд хүндэтгэл үзүүлэн түүний гэр бүлд 2 өрөө байрны батламж, гарын бэлэг гардуулж, Хаан, Хас банкны төлөөллүүд байгууллагынхаа нэрэмжит бэлгийн карт, хадгаламжийн дэвтэр нээж өгч аймаг даяараа баярлаж байлаа.
Өдгөө О.Билэгтзаяа хүү эрүүл саруул өсөн торниж, 3 ойтой болсон бөгөөд Хэрлэн сумын 3-р цэцэрлэгт хүмүүждэг аж. Түүнчлэн аав ээж, эгч нарынхаа хамтаар аймаг орон нутгаас бэлэглэсэн Чингис хотын бүтээн байгуулалтын нэг хэсэг болсон Хэрлэн хорооллын арван давхрын 2 өрөө байрандаа аз жаргалтай амьдарч байна.
Д.Одонтунгалаг