“Сүү” ХК ESG стандартыг нэвтрүүлж, эко тэмдэгтийн гэрчилгээ гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-10 12:14:28

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Сүү” ХК "Миний Монголын сүү”, “Элгэн тараг”, “Цөцгийн тос” гэх гурван бүтээгдэхүүний савлагаан дээр тогтвортой байдлын баталгаажуулалтын тэмдэг болох ESG сертификатын логог байршуулах эрхийн гэрчилгээг гардлаа.


Ингэснээр тогтвортой бизнесийг төлөвшүүлж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн сайн жишгийг нутагшуулан, тэдгээр зорилтыг биелүүлэхэд дөхөм болж байна.  Байгаль орчин, Нийгэм, Засаглал буюу олон улсад ESG гэж нэрлэгддэг ойлголт нь байгууллагын хариуцлагатай, ил тод, тогтвортой байдлыг хэмжих чухал үзүүлэлт юм. 


“Сүү” ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Д.Бямбажав “Европын Холбооны SWITCH-Asia төслийн хүрээнд хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд ногоон төслийг хэрэгжүүлэх, санхүүжилт авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор БОНЗ стандартыг нэвтрүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх боломжийг олгосон. Энэхүү төсөлд манай компани хамрагдсан ихээхэн ач холбогдолтой юм. Уг төсөл нь хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбартай холбоотой компаниудад чиглэгддэг. Манай компанийн хувьд ХАА-н салбараас 2500 орчим малчин бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, органик сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Иймээс БОНЗ-ын стандартыг нэвтрүүлэх нь бидний үйлдвэрлэж буй эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг баталгаажуулж, байгаль орчин, нийгмийн хариуцлагын хүрээнд оруулж буй чухал хувь нэмэр гэж үзэж байна. Төслийн хамгийн том үр дүн нь санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлж буй явдал юм. Дэлхийн чиг хандлага тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаж, ХАА болон хүнсний салбарын тогтвортой хөгжилд шаардлагатай стандарт, шалгуурыг хангасан байх нь олон улсын санхүүжилт авах гол нөхцөл болж байна. Энэ утгаараа БОНЗ-ын стандартуудыг нэвтрүүлэх нь манай компанийн хувьд салбартаа манлайлал үзүүлэх, үйл ажиллагаагаа илүү хариуцлагатай явуулахад дөхөм болж байна. Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компанийн хувьд хүнсний аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцоог бид аль хэдийн нэвтрүүлсэн. Харин БОНЗ-ын стандартын хувьд Монгол Улсад төдийлөн түгээмэл нэвтрээгүй байгаа бөгөөд манай компани анхдагч 22 байгууллагын нэг болж хэрэгжүүлж эхлээд байна" гэв.


Захиргаа, хуулийн албаны дарга Б.Ариунболд "Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилтээр энэхүү үйл ажиллагаа амжилттай хэрэгжүүллээ. “Сүү” ХК Байгаль орчин, нийгэм, засаглалын /БОНЗ/ менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, албан ёсоор сертификатаа гардан авч байна. Та бүхний сайн мэдэх “Сүү” ХК-ийн үйлдвэрлэдэг “Миний Монголын сүү”, “Элгэн тараг”, “Цөцгийн тос” зэрэг гурван нэр төрлийн бүтээгдэхүүн ESG буюу Эко тэмдэг авах эрхийг бий болгосондоо бид баяртай байна. Энэ нь манай бүтээгдэхүүний тогтвортой байдал, байгаль орчин болон нийгмийн хариуцлагад нийцсэн байдлыг баталгаажуулж байгаа чухал алхам" гэв. 


Мөн SFCS LLC болон TQCSI.Mongolia хөндлөнгийн аудит хийж, 22 компани БОНЗ-ын үнэлгээнд хамрагдаж, өөрийн ESG кодоо хүлээн авчээ. 






関連ニュース