Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-11 10:21:29

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгджээ.


Уг хөлөг онгоцоор тээвэрлэж явсан газрын тосыг хэрхэх талаар түүнээс асуухад, "Бид газрын тосыг өөртөө үлдээнэ гэж бодож байна" хэмээн хариулсан байна. 


Үүнээс өмнө Д.Трамп Венесуэлийн эргийн ойролцоо газрын тос зөөгч хөлөг онгоц АНУ-ын цэргүүдэд саатуулагдсан гэдгийг баталжээ. Тэрбээр уг үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зургуудыг удахгүй нийтэлнэ гэж мэдэгдсэн байна. Хөлөг онгоцны эзэмшигчийн талаарх мэдээллийг ч мөн ил болгоно гэв.


Америкийн цэргүүд Венесуэлийн эргийн ойролцоо газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоцыг замаас нь зогсоон саатуулсан гэж Bloomberg агентлаг эх сурвалжуудын мэдээллийг эш татан уламжилжээ. Тус агентлагийн мэдээлснээр, уг хөлөг онгоц хоригийн жагсаалтад багтсан байсан аж. Эл алхам нь хоёр улсын харилцаанд ноцтой хурцадмал байдал үүсгэж болзошгүй байна. Түүнчлэн бусад тээвэрлэгчид Венесуэлийн газрын тосыг тээвэрлэх сонирхол багасах эрсдэлтэй тул хөлөг онгоцыг саатуулсан явдал нь Венесуэлийн газрын тосны экспортыг хүндрүүлж магадгүй гэж Bloomberg мэдээлжээ. 

関連ニュース