Алтай аймаг аялал жуулчлалын хамтын хүрээлэн байгуулах санал тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДБНХАУ-ын Алтай аймгийн Засаг дарга Талгат, Алтай аймгийн Засгийн ордны Нарийн бичгийн дарга Махсур, Алтай аймгийн Хава сумын Засаг дарга Ай Дин, Гадаад харилцааны газрын дарга Юүй Гуан Шин, Худалдааны газрын дарга Ерболат нар өчигдөр Ховд аймагт айлчлал хийлээ.
БНХАУ-ын Алтай аймгаас ирсэн дээрх зочид төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар ЗДТГ-ын Хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх Ховд аймгийн хөгжлийн чиг хандлагыг товч танилцуулсан ба БНХАУ-ын Алтай сумын Засаг дарга Талгатад 2017-2020 оны хооронд хамтран ажиллах санамж бичгээ танилцууллаа.
Тус санамж бичиг нь Хоёр аймгийн хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, хамтын ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой юм.
Санамж бичгийн хамтран ажиллах чиглэлд хоёр аймгийн Төрийн албан хаагчид болон Эрүүл мэндийн салбарын ажилтнууд харилцан туршлага солилцох, Ховд Их сургууль, Хөгжил Политекник коллеж нь БНХАУ-ын Алтай аймгийн Их, дээд сургууль, Коллежтэй харилцаа тогтоож “Оюутан солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай тусгасан байна.
БНХАУ-ын Алтай аймгийн Засаг дарга Талгат манай аймгийн Санамж бичгийг зөвшөөрч Боловсрол, Соёл урлаг, Эдийн засгийн салбарыг дэмжин хамтран ажиллахаа мэдэгдсэний дээр Аялал жуулчлалын хамтын хүрээлэн байгуулах санал гаргалаа. Мөн Такешкан боомтын үйл ажиллагааг хууль журмын дагуу өөрчлөн сайжруулж боомтод байрлах хашааны хураамжийг бууруулах, Монголоос очсон явган зорчигчдыг нийтийн тээврээр зорчдог болгох, Жижиг суудлын авто машин Такешкан боомт ороод өдөртөө буцах боломжийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахаар болсон юм.
Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди аймгийн ИТХ-ын тогтоолоор БНХАУ-ын Алтай аймгийн Засаг дарга Талгатад “Ховд аймгийн Хүндэт тэмдэг гардууллаа.
А.Бямбасүрэн