Ховдын Засаг даргын ирэх 4 жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-07 15:08:36

Ховд аймгийн ИТХ-ын хурлын хоёрдугаар хуралдаанаар Аймгийн засаг даргын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа.

2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх тус хөтөлбөр 4 бүлэг, 22 дэд бүлэг, 98 зорилтоос бүрдсэн байна.

Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж, явцын үр дүнгийн тайланг жил бүр аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж,үнэлэлт дүгнэлт өгч ажиллахыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид үүрэг болголоо.

Үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ, Засгийн газар, төр захиргааны төв байгууллагуудын бодлого шийдвэр, төсөл хөтөлбөртэй уялдуулан орон нутгийн төр, захиргаа төсөвт болон төсөл, хөтөлбөрийн байгууллагууд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, баримт бичигт тусгуулан, иргэд олон нийтэд өргөнөөр сурталчилж, хэрэгжилтийг хангах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засаг дарга Д.Галсандондогт даалгалаа.

  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа, хариуцах эзэн, шаардагдах хөрөнгө, эх үүсвэрийг нарийвчлан  тооцож боловсруулан  аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, мөрдөж ажиллахаар шийдвэр гаргалаа.

Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр “Хүний хөгжил-бүсийн хөгжлийн төлөө” уриатай хэрэгжих ба эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд үйл ажиллагаа нь тогтмолжсон,шинэ технелоги нэвтрүүлж, ажлын байр шинээ бий болгох,үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр  дэмжиж “Бүсийн хөнгөлөлт” бодлого хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Хөдөө аж ахуй газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр газар тариалангийн талбайг 3000 га-д хүргэж, ажлын байр нэмэгдүүлсэн үйлдвэрлэгчийг дэмжиж, Алтай, Булган, Үенч, Буянт, Дарви, Манхан сумдад усалгаатай газар тариалан нэмэгдүүлж, бүсчилсэн тэжээлийн үйлдвэр,цехүүд байгуулахаар төлөвлөжээ.

Дэд бүтцийн чиглэлээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Босоо тэнхлэгийн Ховд-Хашаатын даваа-Толбо сум-Цагаан нуур –Улаанбайшинт чиглэлийн хэсэгчилсэн 189,7 км хатуу хучилттай авто зам ашиглалтад оруулах юм байна. Харин нийгмийн бодлогын хүрээнд олон улсын жишигт ойртуулсан “Оношилгооны төв”-ийн барилга шинээр барьж, Жаргалант суманд /Хүүхдийн эмнэлэг/ байгуулж, Булган сумын нэгдсэн эмнэлгийг шинээр барьж,иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхээр тус тус хөтөлбөрт тусгажээ.

А.Бямбасүрэн

 

 

関連ニュース