Баатархайрхан уулын хадны зургийг хамгаалалтад авъя
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн төв Ховд хотын зүүнтээд 8 км зайд Баатархайрхан хэмээн нутгийн зон олны хүндэлж дээдэлж ирсэн, Монгол улсын соёмботой нэгэн сүрлэг уулс торойж харагддаг.
Баатархайрхан уулын нэрийг урьд өмнө Талын улаан хэмээн нэрлэдэг байжээ. Тэртээ 1912 оны 8 дугаар сарын 7-нд Ховд хотыг Манжийн ноёрхлоос чөлөөлсний дараа Монгол цэргийн гол хүч байрлаж агсан энэ уулыг Баатархайрхан хэмээн нэрлэсэн тухай түүхч Гонгорын 1964 онд бичсэн номонд бий.
Эл сүрлэг уулыг түүхийн талаас нь хүмүүс сайн мэдэх боловч нэлээд олон хадны зураг бий гэдгийг төдийлөн мэддэггүй. Түүхийн ухааны доктор Б.Батмөнхийн Ховд аймгийн байгалийн нөхцөл, нөөц, түүх соёл номонд Баатархайрхан ууланд олон амьтдын хадны зураг сийлсэн байдаг тухай өгүүлсэн байдаг.
Тухайлбал ноцолдож буй дөрвөн үнэг, шилүүс, нохой, хүн, янгир, тэмээг загварчилсан байдлаар урлажээ. Үнэгийг хооронд нь холбож зуржээ. Бас ноцолдож буй хоёр адуу, баруун тийш явж буй хоёр нохойг дүрсэлсэн байна.
Баатархайрханы хадны сүг зургийг сийлэхдээ их төлөв биеийн ерөнхий тигийг хүрээлэн цохьсон байна. Судлаачид эдгээр зургийг он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед холбогдуулан үзжээ. Гэвч сүүлийн үед эл уулын чулууг их хэмжээгээр авч хэрэглэх болсонтой уялдаж, хадны зургууд нэлээд сүйдэж байгааг холбогдох Орон нутгийн Судлах музей, түүх судлаачид анхаарч, түүхийн ховор хадны сүг зургийг хуулийн хүрээнд хамгаалалтад авах асуудал тулгамдаж байна.
А.Бямбасүрэн