“Нээлттэй шүүх” аяны хүрээнд иргэд салбар тус бүрийн хууль сурталчлахыг санал болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-12 11:29:27

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Нээлттэй шүүх” арга хэмжээг сарын хугацаанд зохион байгуулж, 16 байгууллагын 138 иргэнээс санал хүсэлтийг нь санал асуулгын хуудсаар хүлээн авчээ.

Иргэдийн бичсэн санал хүсэлтийг асуулт тус бүрээр задалж үзвэл:

Шүүхийн үйл ажиллагаа танд нээлттэй, хүртээмжтэй, ил тод байж түргэн шуурхай хүрч чадаж байна уу? гэсэн асуултад: хангалттай гэж – 72 иргэн буюу 52.1 хувь, зарим талаараа гэж – 42 иргэн буюу 30.4 хувь, хангалттай бус гэж -24 иргэн буюу 17.3 хувь нь хариулжээ.

Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллээс аль мэдээлэл нь чухал вэ? гэсэн асуултад хэргийн шийдвэрлэлтийн явц- 64 иргэн 46.3 хувь, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гомдол, хүсэлт хүлээн авах талаар – 50 иргэн буюу  36.2 хувь нь хариулжээ.

Шүүн таслах ажиллагаа хуулийн дагуу ажиллаж, таны эрхийг хангаж байна уу? гэсэн асуултад: Хуулийн дагуу явагдаж байна- 112 иргэн 81.1хувь, зарим талаараа- 18 иргэн 13 хувь, хуулийн дагуу явагдахгүй байна- 8 иргэн 5.7 хувь нь хариулжээ. 

Харин  шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг мэдээллийн ямар сувгаар хүлээн авах боломжтой вэ? гэсэн асуултад  Интернет- 62 иргэн 44.9 хувь, Орон нутгийн телевизээр- 19 иргэн 13.7 хувь, FM радиогоор – 7 иргэн 5 хувь, Гар утсаар- 38 иргэн 27.5 хувь,Сониноос 12 иргэн 8.6 хувь  нь тус тус хариулжээ. 

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас явуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэл иргэдэд хүрч байгаа эсэх, шүүхийн шинэтгэл, шүүхийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг түргэн шуурхай иргэдэд хүрч байгаа эсэх үнэлэмжийг тодорхойлох, шүүхийн байгууллагаар үйлчлүүлэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл, шүүхийн үйлчилгээг боловсронгуй болгоход анхаарах асуудал зэргийг тодорхойлох зорилгын хүрээнд энэхүү санал асуулгыг явуулжээ.

Санал асуулгаар, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны талаар өгч байгаа үнэлэмж 52.1 хувь  буюу боломжийн хувьтай гарч байгааг эдгээр санал асуулгын дүнгээс харж болохоор байна.

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас цаашид “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” арга хэмжээг илүү өргөн хүрээтэй, олон давтамжтай, илүү олон байгууллагыг хамарч иргэдэд үйл ажиллагааныхаа мэдээллийг хүргэх нь чухал гэж үзжээ.

Мөн  банк санхүүгийн байгууллагад “Иргэний эрх зүйн зохицуулалт, зээл банк санхүүгийн асуудал, барьцаа хөрөнгийн талаар, сургууль, цэцэрлэгийн албан хаагчдад хөдөлмөрийн болон нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэргийн тухай ойлголт, түүний хор уршгийн талаар гэх мэт  салбар салбарын нарийвчилсан хуулиар сургалт, сурталчилгаа хийх шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг тасралтгүй хүргэх санал, санаачилгыг иргэдийн зүгээс гаргажээ.

А.Бямбасүрэн

関連ニュース