Бичигт боомт дээр байсан 1000 орчим адууг буцаан татжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-12 13:29:50

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомт дээр аймгийн Засаг даргын орлогч Т. Амарбаатараар ахлуулсан шуурхай бүлэг ажиллаад ирлээ.

Шуурхай бүлэг очихоосоо өмнө чиглэл чиглэлээр үүрэг даалгаврыг өгсөн байсан. Бичигтийн боомт болон хилийн мэргэжлийн хяналтын хорио цээрийн газар руу МХЕГ-аас шууд чиглэл өгч ажиллаж байсан учир яг газар дээр нь очиход олон нийтийн мэдээллийн сүлжээгээр яваад байгаа шиг хүнд нөхцөл байдал байсангүй гэдгийг шуурхай бүлгийн ахлагч хэллээ.

Шуурхай бүлэг Бичигтийн боомт дээр хашаанд болон авто машины чиргүүл дээр байсан 936 адууг буцаан шуурхай татах, Улаанбаатар хотруу ачих ажлыг хариуцагч компаниудтай хамтран зохион байгуулаад иржээ. Эдгээр адуу нь "Түмэн хүнс" ХХК, TMG групп, "Стэп плакан" ХХК гэсэн гурван байгууллагуудын нэрээр албан ёсны бүртгэлтэй байсан байна. Компаниуд "Мах маркет" ХХК-тай гэрээ байгуулж, адуунуудыг  нядалгаанд оруулан махаа нийлүүлэхээр болсон байна. Тиймээс бүх адуунд холбогдох мэргэжилтнүүд үзлэг, шинжилгээ, ариутгалыг хийсэн байна. Мөн боомт дээр үхсэн 64 тооны адууг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Эдгээр адуу нь олон хоног хашигдсан учир өл даагаагүйн улмаас үхсэн гэх мэдээллийг хариуцагч компаниудын зүгээс өгчээ.

Цаашид адууг амьдаар нь хилээр гаргах асуудлыг Монгол Улс хийхгүй гэсэн Засгийн Газрын тогтоол шийдвэрүүд гарч байгаа. Харин малыг махны чиглэлээр гүн боловсруулалтад оруулж, экспортлох тал дээр төрийн зүгээс компаниудад дэмжлэг үзүүлэхээр болж байгаа юм байна.

Т. Одончимэг

関連ニュース