Жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт жилийн эцсийн өрх хүн ам, хөдөө аж ахуйн тооллого энэ сарын 7-нд эхэлсэн. Аймгийн хэмжээнд нийт тооллогын 85 ажлын хэсэг ажиллаж байгаа. 12 дугаар сарын 14-ний байдлаар 61 хэсэг тооллогын ажлаа дуусгажээ. Мөн хяналтын найман хэсэг ажилласанаас зургаа нь орж иржээ.
Хяналт хийх явцад малчид болоод мал бүхий иргэд бод малаа хол бэлчээх, бод малаа тасдаж оторт явуулах эсвэл өөрийн харъяа нутагтаа бус өөр газар отроор нутаглах зэрэг нийтлэг дутагдлууд ажиглагдлаа. Гэхдээ тухай бүрд нь малчиддаа заавар зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан. Мөн тоологч нарт отрын бүс нутагт байгаа хүн малыг нэг бүрчлэн тоолох үүрэг чиглэл өгсөн байгаа. Үүнээс өөрөөр гарсан зөрчил гэх зүйл байхгүй, тооллогын ажил хэвийн үргэлжилж байна. Улсын хэмжээнд явуулж байгаа кампанит ажил учир сайн зохион байгуулахыг зорин ажиллаж байна хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т. Эрдэнэбат хэллээ.
Мөн тооллогын хэсгүүд мэдээллээ цахим системд шивж оруулах ажил урьд жилүүдээс сайн байна. Одоогоор шивэлтийн ажил 40,2 хувьтай байгаа бөгөөд Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Асгат суманд тооллогын ажил маш сайн зохион байгуулалттай байгааг онцолсон юм.
2016 оны 12 дугаар сарын 14-ний байдлаар Сүхбаатар аймагт тооллогын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Тооллогын төсөв хөрөнгө Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу аймаг сумдын Засаг дарга нарын нөөц санд суусан байх ёстой. Төсөвтэй холбоотой ямар нэгэн зөрчил гараагүй гэнэ.
Т. Одончимэг