Гамби улсад сонгуулийн дүнтэй холбоотой улстөрийн хямрал дэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРАБАТ./TASS/. Баруун Африкийн орнуудын Эдийн засгийн хамтын нийгэмлэгийн /ЭКОВАС/ төлөөлөгчид Гамби улсад дэгдсэн улстөрийн хурц хямралыг зохицуулахад туслах зорилгоор тус улсад өнөөдөр хүрэлцэн иржээ. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Яйя Жамме энэ сарын 1-нд болсон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэн улстөрийн хямрал дэгдээд байгаа юм.
Гамбийн нийслэл Банжул хотод хүрэлцэн ирсэн Либери улсын Ерөнхийлөгч Эллен Жонсон- Сирлиф, Нигерийн Ерөнхийлөгч Мухаммад Бухари, Сьерра-Леон улсын Ерөнхийлөгч Бай Корома, Гана улсын Ерөнхийлөгч Жон Драмани Махама нар Гамбийн одоогийн төрийн тэргүүн Жамме болон түүний өрсөлдөгч болох сөрөг хүчний удирдагч Адам Барроу нартай уулзах юм.
Энэ сарын 1-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 1994 оноос хойш улс орныг удирдаж буй Жамме 36,7 хувийн санал, Барроу 45,5 хувийн санал тус тус авчээ. 3-ны өдөр Жамме ялагдлаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийсэн боловч долоо хоногийн дараа “сонгуулийн комисс байж боломгүй алдаа хийсэн, иймээс дахин санал хураалт явуулах нь зүйтэй” гэж уриалжээ. Харин сонгуулийн комисс “шүүхэд гомдол гаргах”-ыг Жаммед зөвлөсөн байна.
Үүнтэй зэрэгцэн Барроу өөрийгөө шилжилтийн үеийн төрийн тэргүүн гэж яаран зарлаад “Үндсэн хуульд зааснаар, сонгуулийн дүнг үгүйсгэх эрх Жаммед байхгүй” гэж мэдэгджээ.
Сонгуультай холбоотой маргаан үүссэний дараа Африкийн Холбоо мэдэгдэл гаргаж, тайван замаар засгийн эрхийг төрийн шинэ тэргүүнд шилжүүлэн өгөхийг уриалсан байна.
Х.Сарнай