Алеппо хотыг чөлөөлсөн явдалд Ираны Ерөнхийлөгч баяр хүргэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-12-15 11:49:31

МОСКВА./TASS/. Иран улсын Ерөнхийлөгч Хасан Рухани зэвсэгт сөрөг хүчнийхнээс Алеппо хотыг чөлөөлөх ажиллагаа амжилттай дууссан явдалд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад баяр хүргэлээ.

Сирийн САНА агентлаг мэдээлснийг үзвэл, Ираны төрийн тэргүүн Асадтай утсаар ярихдаа “Алеппод ялалт байгуулсан явдал бол Сирийн бүх нутаг дэвсгэрт терроризмыг устгаж, энх тайван, тогтвортой байдлыг тус улсад дахин сэргээхэд чухал алхам боллоо” гэж онцлон тэмдэглэжээ.

Хасан Рухани хэлэхдээ, Сирийн ард түмний тэсвэр хатуужлыг өндрөөр үнэлээд, Иран улс Сиритэй бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг онцлон дурдлаа.

Хариуд нь, Сирийн удирдагч хэлэхдээ “Сирийн арми ялалт байгуулахад Ираны ард түмний үзүүлсэн эдийн засаг, цэргийн тусламж ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн байна.  

Алеппо хотын зүүн дүүргүүдийг чөлөөлөх цэргийн ажиллагаа 11 дүгээр сард эхэлсэн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Сирийн засгийн газрын цэргүүд тус хотын нутаг дэвсгэрийн 98 хувийг хянаж байна. Сөрөг хүчнийхнийг Алеппогоос гаргах талаар сөргөлдөгч талууд тохиролцсон боловч өнөөдөр өглөө сөрөг хүчний зэвсэгт бүлгүүд тохиролцоог зөрчин гал нээж эхэлжээ.

Х.Сарнай

関連ニュース