БНКазУ-ын "Тусгаар тогтнолын өдөр" тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-16 13:02:09

АСТАНА. /KAZINFORM/. 12 дугаар сарын 16-ны энэ өдөр Казахстан улсын үндэсний баяр болох “Тусгаар тогтнолын өдөр” тохиож байна. Тус улсын “Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу 12 дугаар сарын 16-17-нд казахстанчууд бүх нийтээрээ амарч, тусгаар тогтнолын баяраа өргөнөөр тэмдэглэж байна.

1991 оны 12 дугаар сард БНКазУ-ыг тусгаар тогтносон, ардчилсан улс гэж зарлан тунхагласан Үндсэн хуулийг тус улсын Дээд зөвлөл баталж байжээ. Казахстан улс нь цөмийн зэвсгээс сайн дураараа татгалзаж, цөмийн зэвсгээс ангид улс гэдгээ дэлхий нийтэд зарласан юм.

Сүүлийн жилүүдэд Казахстан улс олон улсын тавцанд жинтэй үүрэг гүйцэтгэх болсон. Ирэх онд тус улс “Экспо-2017” олон улсын төрөлжсөн үзэсгэлэн  болон “Өвлийн Универсиад” гэсэн хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулна. Орон нутгийн цагаар өнөө орой 22:00 цагт Астана хотод ёслолын буудлага үйлдэх гэж байна.

“Тусгаар тогтнолын 25 жилийн ой тохиож буй энэ онд Казахстан улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсоныг дурдахад таатай байна. Парламентын баталсан тусгаар тогтнолын тунхаглал гэдэг бол улс орны ололт амжилт, ялалтуудыг тусгасан улс төр, хууль эрхзүйн чухал баримт бичиг юм” гэж БНКазУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев онцлон тэмдэглэлээ.

Г.Доржханд

 

関連ニュース