Сайдад хийлдэг хүүхэлдэй бэлэглэсэн нь чиличүүдийн бухимдлыг төрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСАНТИАГО. /AP/. Чилийн Засгийн газрын нэгэн сайдад аман дээрээ “эдийн засгийг дэмжих нь” гэсэн бичигтэй хийлдэг хүүхэлдэйг бэлэг болгон өгсөн нь Чилийн ард иргэдийн дунд шуугиан дэгдээгээд байна.
Чилийн Эдийн засгийн сайд Луис Сеспедес уг хүүхэлдэйтэй авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд байрлуулсан нь олны дургүйцлийг төрүүлжээ. Тухайлбал, Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет твиттер хуудсандаа “наргиан болгож өгсөн энэ бэлэг нь гэрлэлтийг үзэн ядах үзлийн нэг хэлбэр бөгөөд эмэгтэйчүүдийг хүндлэхийг уриалдаг манай засгийн газрыг гутаан доромжилж буй хэрэг” гэж жиргэсэн байна.
Хийлдэг хүүхэлдэйг Чилийн экспортлогчдын холбоо буюу “Asexma”-ын тэргүүн Роберто Фантуззи оны эцсээр болдог албан ёсны нэгэн хүлээн авалтын үеэр сайдад өгчээ.
Уг хүлээн авалтад голдуу эрэгтэй улстөрчид болон бизнесийнхэн хүрэлцэн ирсний дотор “Organization of American States” гэдэг олон улсын байгууллагын тэргүүн асан Жозе Мигель Инсулза байсан бөгөөд тэрбээр нүцгэн эмэгтэй хүүхэлдэйг тэвэрсэн Л.Кеспедестэй хамт инээмсэглэн зургаа авахуулсан ажээ.
“Asexma”-ын тэргүүн жил бүр оны эцэст болдог хүлээн авалт дээрээ зочиддоо содон бэлэг өгдөг уламжлалтай гэнэ.
Хүлээн авалтад оролцсон хүмүүсийн нэг болох, 2017 онд эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай байгаа Алехандро Гуйллер хэлэхдээ “Р.Фантуззи энэ удаа арай л хэтрүүлчихлээ. Зарим хүмүүс эвгүй байдалд орохоороо инээдэг. Энэ үйл явдал нь бүдүүлэг алдаа байсан гэдгийг бид бүгд сайн мэдэж байгаа” гэжээ.
Л.Кеспедес лхагва гарагт ард иргэдээсээ уучлалт хүссэн байна.
“Миний бодлоор энэ бол зүгээр нэг уучлал гуйгаад өнгөрөх асуудал биш. Энэ явдал нь Чилид одоог хүртэл эрэгтэйчүүдийн дээрэнгүй үзэл, хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл, цаашилбал гэрлэлтийг үзэн ядах үзэл байсаар байгааг харууллаа” гэж Ерөхийлөгч М.Бачелет жиргэжээ.
Х.Сарнай