Д.Трамп Израильд суух Элчин сайдын нэрийг санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп АНУ-аас Израильд суух Элчин сайдад хуульч, өмгөөлөгч Дэвид Фридмэний нэрийг дэвшүүлжээ.
Өдгөө 57 настай Д.Фридмэн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр АНУ-Израилийн харилцааны асуудлаар Д.Трампт зөвлөгөө өгч байсан юм.
Д.Трампын шилжилтийн багийн мэдэгдэлд “Д.Фридмэн Израильтай нягт харилцаатай учир дипломат үүрэгт ажлынхаа үндэс суурийг тавьж чадна” гэжээ.
Харин Д.Фридмэн хэлэхдээ “Израилийн мөнхийн нийслэл Иерусалим хотод АНУ-ын ЭСЯ-нд очиж ажиллана гэж бодож байна” гэжээ. Энэ үг палестинчуудын дургүйцлийг хүргэж магадгүй юм. Палестинчууд Зүүн Иерусалимыг Палестины нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг билээ.
НҮБ-ын зүгээс Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд АНУ-ын ЭСЯ олон арван жилийн турш Тель-Авив хотод байрлаж байсан юм.
Д.Трамп ерөнхийлөгчийн кампанит ажлынхаа үеэр “Израиль дахь АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим рүү нүүлгэнэ” гэж амлаж байсан юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялсанд баяртай байгаагаа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху илэрхийлж байсан билээ. Б.Нетаньяху Барак Обаматай төдийлөн сайн харилцаатай байгаагүй юм.
Г.Доржханд