Аймгийн Засаг дарга эрүүл мэндийн салбарын нөхцөл байдалтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд аймгийн Засаг дарга, удирдлагууд өнөөдөр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Нийгмийн хамгийн чухал салбар болох эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчидтай нэн тэргүүнд уулзаж, ЭМГ болон АНЭ-ийн үйл ажиллагаатай танилцан, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудал, тус хөтөлбөрт тусгуулах саналыг сонслоо.
Аймгийн засаг дарга З.Энхтөр хэлэхдээ, "Аймгийн удирдлагууд цаашид байшин барьж, бүтээн байгуулалт хийхээсээ илүүтэй хувь хүн, иргэн хүнрүүгээ чиглэсэн ажлыг түлхүү хийнэ.
Эрүүл мэндийн газрын зүгээс аймгийн удирдлагуудад нийгмийн эрүүл мэндийн төвийн лабораторийн багаж тоног төхөөрөмж, хэвлийн дурангийн мэс заслын хагалгааны багаж, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэгдсэн шинэ барилга, Наран сумын эрүүл мэндийн төвийн шинэ барилга, Уулбаян сумын эрүүл мэндийн төвийн автомашины парк шинэчлэлт зэрэг асуудлыг ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах санал орууллаа. Мөн АНЭ-ээс түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн зориулалтын иж бүрэн угаалгын тоног төхөөрөмж, ариутгалын автоклав, Нэгдсэн сэхээний тасгийг бий болгох, цахилгаан шат барих, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг 2016-2020 онд үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн салбарын хувьд 2012-2016 онд хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөртэй ажилласны үр дүнд их эмчийн хангалт 100, нарийн мэргэжлийн эмч 98, сувилагч, тусгай мэргэжилтэн 100 хувьд хүрээд байна. Тус салбарынхан эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, аюулгүй орчинд үзүүлэхийг зорьж ажилладаг бөгөөд өнгөрсөн жилүүдэд Оношилгооны төв, гемодиалезийн төв, явуулын амбулатори, хавдрын химийн болон хөнгөвчлөх эмчилгээ зэрэг шинэлэг ажлуудыг нэвтрүүлсэн байна.
Т. Одончимэг