Пак Гын Хэгийн найзыг шүүх хурал өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-19 10:48:10

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силийг шүүх хурал өнөөдөр эхэлнэ. 

Чой овогт эмэгтэй болон Пакийн хоёр туслахыг шүүх хурал өнөөдөр Сөүл хотын дүүргийн шүүхэд эхлэх ажээ. Гэхдээ Чой овогт эхний шүүх хуралд биечлэн оролцох эсэх тодорхойгүй байна.

Пакийн бодлогын зохицуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ан Чон Бум болон Чой Сүн Сил нарыг ашгийн бус хоёр байгууллага байгуулахын тулд компаниудад дарамт шахалт үзүүлэн нийтдээ 65 сая долларын хандив босгосон гэж буруутгаж байгаа юм. Пак Гын Хэгийн хүсэлтээр Чой Сүн Сил энэ хоёр байгууллагыг удирдан ажиллуулж байсан гэж прокурорууд мэдэгдсэн билээ. Чой болон Ан овогт нарыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, хууль бусаар бусдаас мөнгө авсан хэрэгт холбогдуулан шүүх гэж байна.

Мөн "Пакийн хүсэлтээр Чой Сүн Силд 47 нууц баримт бичгийг өгсөн" гэж ерөнхийлөгчийн туслах асан Жон Хо Соныг сэжиглэж байгаа юм.

Прокуроруудын мэдэгдсэнээр, 2015 оны долдугаар сард Ерөнхийлөгч Пак Гын Хэ нөлөө бүхий бизнес эрхлэгчидтэй уулзаж, спорт болон соёлыг сурталчлах зорилго бүхий хоёр санг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Харин Пак үүнийг эрс үгүйсгэн няцааж байгаа юм.

Энэ дуулиан шуугиан нь Пакийг ерөнхийлөгчийн албан тушаалаас түдгэлзүүлэхэд хүргэсэн билээ. Пак уг хэрэгт холбоотой эсэх талаар Чой Сүн Сил шүүх хурлын үеэр юу ярих нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Г.Доржханд


 

関連ニュース