Иорданд зэвсэглэсэн этгээдүүд 10 хүнийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-12-19 11:34:31

АММАН. /NHK/. Зэвсэглэсэн этгээдүүд цагдаа нар руу халдаж, Иорданы төв нутагт байдаг загалмайтнуудын үеийн цайзад хүмүүсийг барьцаанд авсны улмаас 10 хүн алагдаж, 20 гаруй хүн шархадсан байна.    

Ням өдрийн үдээс хойш Карак хотод эргүүл хийж байсан цагдаагийн ажилтнууд руу бүлэг зэвсэглэсэн этгээдүүд дайрсан тухай Иорданы дотоод яамны төлөөлөгч мэдэгджээ.

Дараа нь тэдгээр этгээдүүд жуулчид олноороо очдог цайз руу зугтсан байна. Тэд цагдаа нар болон аюулаас хамгаалах хүчнийхэнтэй буудалцах үеэрээ гадаад, дотоодын 10 гаруй жуулчныг барьцаалан цайзад авч оржээ.

Таван цагийн дараа буюу орон нутгийн цагаар оройн 22:00 цагийн үед аюулаас хамгаалах албаныхан зэвсэглэсэн этгээдүүдийг буулган авч, барьцаанд байсан хүмүүсийг чөлөөлсөн байна. 

Чөлөөлөх ажиллагааны явцад долоон цагдаагийн албан хаагч болон бусад гурван хүн, тэдний дотор Канадын нэг жуулчин амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан байна.

Карак бол 12-р зууны үед загалмайтнуудын барьсан бэхлэлтийн цайз юм.

Х.Сарнай


 

 

関連ニュース