Xаврын бүсийн уралдааны үеэр 51 хүүхэд мориноос унажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-07 13:46:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хаврын бүсийн хурдан морины уралдааныг аймгийн Засаг даргын гуравдугаар сарын хоёрны өдрийн 73 тоот захирамжаар зохион байгууллаа. Энэ сарын 6-ны өдөр Чулуут, Хайрхан, Төвшрүүлэх сумдад болсон дээд гурван насны хурдан морины уралдаанд нийтдээ 862 хурдан хүлэг тоосоо өргөжээ.

Уралдаанд Архангай аймгаас гадна Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Булган, Хөвсгөл аймгуудаас хурдан морьд ирсэн байна. Чулуут, Хайрхан сумдад цас багатай, хурдан морины зам цагаан байсандаа нийт 14 хүүхэд мориноос унаж, хөнгөн бэртэл авч, эмнэлгийн анхан шатны тусламж авчээ. Харин Төвшрүүлэх сум цас ихтэй, өглөөгүүрээ мөстөж, өдөртөө хайлж шавар шалбааг болсноос үүдэн, мөн мянганы засмал замыг хөндлөн гарч хурдан морьд уралдсан учраас энэ хэсэгт хүүхдүүд мориноос их унажээ. Өөрөөр хэлбэл зөвхөн Төвшрүүлэхийн уралдааны үеэр 37 хүүхэд мориноос унаж, нэг хүүхдийн дунд чөмөг хугарч Улаанбаатар хот руу яаралтай хүргэгдсэн байна. Бусад нь хөнгөвтөр гэмтэж эмнэлгийн тусламж авсныг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Орхонтуул хэлж байна.  

Өнгөрөгч есдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэсэн Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 сарын 08-ны өдрийн тушаал дээр морь унаач хүүхдүүдийг намар 11 сараас хаврын 5-р сарын 1 хүртэл морь унуулахыг хориглосон байдаг. Гэсэн хэдий ч энэ хууль, тогтоомжууд бодит байдалтай нийцэхгүй, олон арван уралдаануудыг Монгол Улсын хэмжээнд хаа сайгүй зохион байгуулж, олон хүүхэд мориноос унаж хүнд, хөнгөн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хурдан морины товын хугацааг нааш цааш нь татаж болох ч хүүхэд хамгааллын тал дээр маш өндөр хяналттай, дорвитой арга хэмжээ авах шаардлага заавал хэрэгтэй байна. Үүнд эцэг эхчүүдийн оролцоо тун чухал юм.

Б.Гэрэлт-Од   

関連ニュース