Архангай аймаг малын тоонд биш чанарт анхаарч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-20 14:54:27

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2016 оны мал тооллогоор 5 сая мал тоолуулж улсад Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын дараа буюу гуравдугаар байрт орсон. Мөн 581,000 үхэр, 2.7 сая хонь тоолуулж улсдаа тэргүүлжээ.

Сүүлийн жилүүдээс малчид малын тоо гэхээс илүү чанарт илүү анхаарч, илүү нугаламт хуц, ухныг өөрсдийн хөрөнгөөр баруун болон зүүн аймгуудаас авч тавьж, үхрийг мах, сүүний чиглэлүүдээр түлхүү өсгөж, тоонд барих болсон байна. Энэ нь нөгөө талдаа бэлчээр хамгаалах ажлын эхлэл болж байгааг малчид хэлж байгаа.

Архангай аймаг Тэрхийн бор сарлагийн хэвшил, Хотонт үржлийн хэсэг, Тамир үүлдрийн хэсгийн хонийг үүлдрээр баталгаажуулах судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэх, цөм сүргийг бүрдүүлж, хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан үржилд ашиглах хээлтүүлгийн дэвшилтэд технологийг өргөн нэвтрүүлэх зорилтыг тавьжээ. Цаашид цөм сүргийн үржлийн төвийг байгуулж, сумдад мал үржлийн үйлчилгээний нэгжүүдийг бий болгож бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллагын хяналтанд оруулж, хээлтүүлэгчийн тохиргоог хангах чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагыг аймаг орон нутгаас дэмжиж ажиллахаар төлөвлөж байна.

2015-2016 онд Архангай аймагт ХАА-н маркетинг төслөөс Баяд, Өлгийн-Улаан үүлдрийн эр эм нийлсэн 898 бог малыг Булган, Цахир, Чулуут сумдад өгч цөм сүргийг бүрдүүлсэн байна.

Б.Гэрэлт-Од

 

 

関連ニュース